Санхүүгийн зохицуулах хороо хэвлэл мэдээллийн байгууллагуудын эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан “Санхүүгийн зах зээл” сэдэвт уулзалт-сургалтыг зохион байгууллаа. Дэлхий нийтээр санхүүгийн зах зээлийн хөгжлийн чухал хүчин зүйл бол хүртээмж буюу зах зээлд олон нийтийн оролцоог хангах явдал гэж үзэж, энэ чиглэлд онцгойлон анхаарах болсон. Энэ үед санхүүгийн зах зээлийн тухай аливаа мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэснээр иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлж, санхүүгийн зах зээлд оролцох оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор уг уулзалт-сургалтыг зохион байгуулсан юм.
Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн зах зээлийн эдийн засагт эзлэх байр суурь, нөлөөг 10-15 хувьд хүргэх зорилт дэвшүүлээд байгаа. Энэ зорилтоо хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтийг оролцоог хангахад энэхүү уулзалт-сургалтаа чиглүүллээ. Хорооны Үнэт цаасны газар, Даатгалын газар, Банк бус санхүүгийн газар, Хадгаламж зээлийн хоршооны газар, Хяналт шалгалт зохицуулалтын газар, Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрууд тус тусын сэдэвт сургалтыг хөтлөн явуулсны зэрэгцээ санхүүгийн мэргэжилтнүүд сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж, уулзалтын агуулгыг бататгав.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хэлэлцүүлэгт оролцох үеэрээ СЗХ цаашид банкнаас бусад санхүүгийн салбарууд болох үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршоодын зах зээлийг хөгжүүлж, оролцогчид, хэрэглэгчдэд хүрэх үг өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд эрсдэлийг бууруулах, баталгаатай, найдвартай үйлчилгээний нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр шат ахисан бодлого барин ажиллаж байна. Зах зээлийн үр өгөөж, оролцогчдын эрсдэлгүй, баталгаатай байдал өсөн нэмэгдсэнээр хэрэглэгчдийн итгэл зузаарч, идэвх сэргэн, зах зээлүүд сэргэн хөгжих боломж бүрдэнэ гэв.
Уулзалт-сургалтын төгсгөлд Хорооны удирдлагууд сэтгүүлчидтэй нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж эдийн засгийн тулгамдсан асуудлууд, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, олон улсын туршлага, хөрөнгийн зах зээлд шинээр нэвтэрч буй бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг олон сэдвээр асуулт хариулт, хэлэлцүүлэг, санал өрнүүлэв гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.