Энэ сарын 4-нд Чингэлтэй дүүргийн Салхит орчмын автомашины замд жижиг оврын ачааны автомашинаас гал авалцахад тус газартай ойролцоо байрлах манай 7-р Шатахуун түгээх станцын Ж.Тунгалагтамир, Д.Цэнджаргал, Т.Номин-Эрдэнэ нарын ажилтнууд хамгийн түрүүнд очиж галыг унтрааж аюулгүй болгон, жолоочид анхан шатны тусламжийг үзүүлэн, иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн билээ.
Хүний амь, бие, эд хөрөнгө сүйдэхээс хамгаалж, эр зориг гаргасан ажилтнуудаараа компанийн хамт олон бахархаж, өчигдөрМонголын Залуучуудын холбооны "Эр зоригийн алдар” медалийг Ахлах түгээгч Ж.Тунгалагтамир, Түгээгч Д.Цэнджаргал нарт гардууллаа.
Хормын төдийд сэрэмж алдахад л нөхөж баршгүй гай зовлон тохиолдох аваар, ослоос жолооч нар маань сэргийлж, автомашинаа цагт нь засвар, үйлчилгээнд нь оруулж, галын хортой явж байхыг тус компаниас санууллаа.
Шагналыг гардуулах үеэр Ж.Тунгалагтамир, Д.Цэнджаргал нартай уулзаж ярилцлаа.
Баруун гар талаас Гүйцэтгэх захирал Х.Бацаггэрэл, Түгээгч Д.Цэнджаргал, Ахлах түгээгч Ж.Тунгалагтамир, Эрхлэгч Т.Номин-Эрдэнэ
Ж.Тунгалагтамир, Д.Цэнджаргал: Ерөөсөө туслая л гэж бодож байсан
- "Эр зоригийн алдар” медалиар шагнуулсан та хоёрт баяр хүргэе. Гал гарсан тухайн үеийн нөхцөл байдлын талаар ярина уу?
- Тухайн үед машины кабин хүртэл гал гарсан, жолоочийн гар түлэгдсэн, хүмүүс ус цацаад унтрахгүй байсан. Бид нар галын хортой байсан нь их давуу талтай байсан.
- Гал руу явж байхад ямар нэг бодол төрсөн үү. Дэлбэрчих вий дээ гэсэн айдас төрсөн байж магадгүй юм?
- Ерөөсөө туслая л гэж бодож байсан.Өөр юм бодогддоггүй юм билээ.
- Өмнө нь ийм асуудалтай тулгарч байвуу?
- Үгүй.
- Галын аюулгүй байдлын ямар сургалтуудад сууж байсан бэ?
-Д.Цэнджаргал: Анх түгээгч болоод чиглүүлэх сургалтаар галын аюулгүй байдлын талаар суралцаж байсан. Сүүлд, Толгойт агуулахад хийгдсэн компанийн аюулгүй ажиллагааны нэгдсэн сургалтын үеэр бодитоор гал унтраах зэргээр аюулгүй байдлын тал бүрийн мэдлэг, мэдээллийг хүргэсэн нь маш үр дүнтэй болсон гэж боддог.
- Жолооч нартаа хандаад үг хэлнэ үү?
- Ж.Тунгалагтамир: Ер нь аюулгүй байдлаа сайн хангах хэрэгтэй. Зарим жолооч тамхиа асаасан орж ирэх жишээний. Тамхиа унтраа гээд шаардлага тавихаар сүртэй шүү дээ гэнэ. Нэг жолооч бүр арай гэж тамхиа асааж байхад минь унтраах гэлээ гэж уурлаж байсан тохиолдол ч байдаг. Тийм болохоор сэрэмжтэй байх хэрэгтэй гэж хэлье.