logo
МҮОНРТ-ийн дотоод асуудалд УИХ гар дүрж эхэллээ

МҮОНРТ-ийн дотоод асуудалд УИХ гар дүрж эхэллээ

2016/11/11
МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн хэсэг ажилтнууд сувгийнхаа захирлыг чөлөөлүүлэхийг шаардсан бичгийг Ерөнхий захирал Ц.Оюундарь болон Үндэсний Зөвлөлдөө хандан хүргүүлжээ. Энэ асуудлаас болж сувгийн захирал Ч.Батцэнгэл нь өөрийн гар хөл бологсодтойгоо хамтран “Цагийн хүрд”-ийн эфирийг хууль бусаар ашиглан, “шуурхай мэдээ” гээч мэдэгдлийг цацаж, олныг гайхшралд оруулаад амжсан.

“Чоно борооноор” гэгчээр энэхүү зөрчлийг хүлээж байсан мэт УИХ-ын ТББ-ын хороо даруй хуралдан, МҮОНРТ-д үүссэн нөхцлийг шалгах ажлын хэсгийг байгуулж, “толгойлогч”-оор нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат буюу Ч.Батцэнгэлийг “томилуулсан этгээд”, гишүүдийн бүрэлдэхүүнд “Монголын мэдээ”-ийн захирлаар ажиллаж байгаад халагдсан М.Оюунчимэгийг оруулжээ. Ийнхүү “ашиг сонирхлын зөрчил”-тэй баг МҮОНРТ-нийн нийт ажилчдыг дайлаар молрдож, гэнэтийн хурал зарлан, хэдэн ажилчдыг нь өмнөө гөлөлзүүлэн сууна.   

МҮОНРТ бол олон нийтийн статустай байгууллага ч ялсан намынхны “гарын шүүс” болсоор өнөөг хүрсэн. Гэхдээ энэ удаад арай хэтэрч, дотоод асуудалд нь шууд оролцон, , дарга цэргээр нь ялгаж байгаад хуралдуулж эхэлжээ.

Магадгүй “ТЭЦ 4” дээр иймэрхүү маргаан дэгдвэл эрхэм гишүүд ингээд хэсч гүйгээд, дотоод асуудлыг нь шийдэж өгөөд явах эсэх нь сонин. Эрхзүйт төртэй улсын хууль тогтоох дээд байгууллагын эрхэм түшээд МҮОНРТ-ийн хараат бус байдалд халдан, яг юу хийж, ямар зорилго агуулж явааг олон нийт асуух хэрэгтэй болсныг энэ үйл явдал сануулж байх шиг.

Т.Сонир
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш