Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд Өлгий сумын төвд жимс жимсгэнэ, хүнсний ногоо худалдаалдаг зах, дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх, шинжилгээт хяналтыг хийлээ.
Ургамал хамгааллын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль, эдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, тушаалын хүрээнд энэхүү шалгалтыг хийв.
Хяналт шалгалтын явцад төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнд ургамлын хөнөөлт хортон шавьж, ургамлын өвчин, нитратын илэрцийг тодорхойлж,бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн талаар зөвлөгөө өгч, зөвлөмж тараасны зэрэгцээ худалдааны газруудын хорио цээр, ариун цэвэр, эрүүл ахуйн аюулгүй байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Шинжилгээний дүнгээр БНХАУ-аас импортоор орж ирж буй хүрэн болон ногоон усан үзэмний нитратын хэмжээ байвал зохих хэмжээнээс 20 хувь хүртэл их байгаа нь тогтоогдсон. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг түгээлээ.