logo
Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав

Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав

2016/12/02

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Шинэчилсэн найруулгын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хийсэн. Ингэхдээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанд анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найруулга, үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засваруудыг хийсэн юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Учрал, О.Баасанхүү, Ш.Раднаасэд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Ингээд уг хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш