logo
Монгол Улсын Ерөнхий сайд эрдэмтдэдээ найдлаа, үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд эрдэмтдэдээ найдлаа, үүрэг өглөө

2016/12/21

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

-Манай шинжлэх ухааны салбарынхан Ерөнхий сайдаас томоохон үүрэг даалгавар авлаа. Сая Ерөнхий сайдын өрөөнд бидний ярьснаар бол энэ төслийг хоёр үе шаттай явуулна. Эхлээд утааны асуудлыг төгс биш юмаа гэхэд их хэмжээгээр, илүү үр дүнтэй бууруулах хамгийн боломжит арга бүхий төслөө боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Дараа нь түүнийгээ хэрэгжүүлнэ. Тийм учраас манай Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлыг хэсгийг нэн яаралтай байгуулж, томоохон тооцоо судалгааны үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй томоохон төсөл боловсруулж, ойрмогхон Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Үнэхээр оновчтой, шалгуур хангасан, бодит үр дүн өгөх төсөл боловсруулж, тэр нь Засгийн газрын хуралдаанаас дэмжигдвэл санхүүжилтийн асуудлыг шийднэ гэдгээ Ерөнхий сайд сая хэллээ. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй цаашдаа томоохон төвлөрсөн суурин газруудад төслийн үр дүнг хэрэгжүүлсний үр дүнд утааны асуудлыг шйидвэрлэх ёстой. Үүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн ойрын зорилго чиглэгдэнэ гэж бид үзэж байна. Энэ үүрэг даалгаврыг манай шинжлэх ухааны салбарынхан биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа.

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл:

-Улаанбаатар хотын утааг арилгах төслийг техникийн шийдлийн хамт боловсруулах Монгол Улсын Ерөнхий сайдын үүргийг бид Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэн шинжлэх ухааны салбартаа ихээхэн итгэл хүлээлгэж хариуцлага ноогдуулж өгч байгаа даалгавар гэж хүлээн авч байна. Манайх бол улстөрждөггүй, асуудлыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулдаг учраас магадгүй, Монголын ард түмний хувьд утааг арилгах хамгийн сүүлчийн найдвар нь шинжлэх ухааны салбарын эрдэмтэд гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзсэн байх. Улаанбаатарын утааг арилгах суурь судалгааны ажлууд бол манай салбарын хүрээнд их хийгдсэн. Эдгээрийг үндэслэн утааг арилгах бодитой шийдэлтэй төслүүдийг одоог хүртэл боловсруулж хэрэгжүүлээгүй байдаг. Шинжлэх ухааны академийг түшиглэсэн ажлын хэсэг хотын утааг арилгах тодорхой шийдэл гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ойрын хугацаанд  илтгэнэ.  Улаанбаатар хотын утаа, иргэдийн эрүүл мэнд салшгүй холбоотой байгаа. Утааны асуудлыг шийдэхэд хотын иргэдийн эрүүл мэнд ч сайжирна, иргэд эрүүл орчинд амьдрах Үндсэн хуулийн нэг зарчим хангагдана.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш