logo
Эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, учирсан хохирлыг төлүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгнө

Эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, учирсан хохирлыг төлүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгнө

2016/12/22

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уул уурхайн улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Иргэдийн өргөдлийн дагуу уул уурхайн улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах асуудлыг хэлэлцэхээр Байнгын хорооны 2016 оны намрын чуулганы хугацааны төлөвлөгөөнд тусгасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн нар дээрх асуудлыг судалж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна хэмээн Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хуралдааны эхэнд танилцуулав.

Уул уурхайн улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах асуудлыг судалж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр санал, дүгнэлтийг боловсруулсан тухай танилцуулгыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хийв. Тэрээр, Өргөдлийн байнгын хороонд иргэдээс уул уурхайн үйл ажиллагааны их хэмжээний тэсэлгээний дуу чимээ, тоос шороо, газрын эвдрэл, гэмтэл хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ундны усны хомсдол үүсгэж эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа тул хяналт шалгалт хийлгэх, буруутай этгээдэд хариуцлага тооцон, учирсан гэм хорыг арилгуулах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, уул уурхайн тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, бэлчээр нутгийг хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар өргөдлүүд тогтмол ирүүлж байна.

Иргэдийн өргөдлийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, 17 аймаг, нийслэлийн Засаг даргын мэдээлэлд үндэслэн гаргав гээд Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. Үүнд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54.11 дэх хэсэгт Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлнэ гэж заасныг хэрэгжүүлэх журам гаргах шаардлагатай байна. Иймд Байнгын хорооноос Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хуульд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх саналтай байна гэлээ.

Дараа нь Төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл өргөдлөө танилцуулсан юм. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ хийсэн мэдээлэлдээ, байгаль орчны бохирдлын асуудлаар өргөдөл, гомдол ихээр ирүүлдэг. Үүнд тоос шороо, газрын эвдрэлтэй холбоотой асуудал дийлэнхийг эзэлдэг, иймд аж ахуйн нэгжүүдийг тусгай лицензийг хүчингүй болгож өгнө үү хэмээлээ. Харин ХУД-ийн 13-р хорооны иргэн Г.Отгонбаатар иргэдийг төлөөлж хэлэхдээ, тус нутгийн газар нутагт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр газрыг ихээхэн сүйтгэж байгаагийн сацуу мал бэлчээрлэх газаргүй болгож буй тухай танилцуулж, холбогдох арга хэмжээ авч, нэн яаралтай шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, Н.Цэрэнбат, Д.Гантулга, Н.Амарзаяа, Ц.Гарамжав нар хуралд оролцож буй албан тушаалтнуудаас асуулт асууж, тайлбар авсан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг аж ахуйн нэгжүүдийн буруутай үйл ажиллагаанаас болж монголын хамгийн урт гол болох Орхон голын бохирдлын асуудал болон нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой ямар арга хэмжээ авсан эсэх мөн ямар дүгнэлт гарсан тухай холбогдох албан тушаалтнуудаас тодруулав. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр өгсөн тайлбартаа, энэ оны 8 дугаар сараас хойш ажлын хэсэг 3 удаа ажилласан бөгөөд Орхон голтой холбоотой тайлан хаарахан ирүүлээгүй байна гэв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэлээс нөхөн сэргээлтийн асуудал орхигдсон байдаг үүнтэй холбогдуулан бичил уурхайг цаашид хэрхэхийг тодруулав. Байгаль орчин, аялал жуулчалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба өгсөн тайлбартаа, орон нутгийн ИТХ-аас тогтоол гардаг, энэ нь холбогдох хууль тогтоомжид нийцдэггүй. Бичил уурхайн нэрийн дор байгаль сүйтгэж байгаа нь үнэн. Энэ ажлыг таслана зогсоох ажил явагдаж буй хэдий ч бодит үр дүнд хүрэхгүй байна. Иймд хууль эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлага тулгараад байна гэв. Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл бичил уурхайтай холбоотой гэмт хэрэг өссөн үзүүлэлт гарсан. Нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бус үйл ажиллагаа хийгдсэн байсныг тогтоосон. Сүүлийн 4 жилийн байдлаар 210 хэрэг бүртгэгдсэнээс 11 орчим хувь нь шүүхээр шийдвэрлэгдсэн гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат та бүхэн эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж өгөх хүсэлт илэрхийлж байна, үүнд ямар өөрчлөлт оруулах талаар тодорхой санал хэлэхийг хүссэн юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр Ашигт малтмалын тухай болон Газрын тухай хуульд өнөөгийн үүсээд буй бэрхшээл, тулгамдаж буй асуудалд “хуулийн цоорхой” гараад буй учир хуулийн зохицуулалт хийгдэх шаардлагатай буйг хэлэв.

Гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг уншиж танилцуулав. Тогтоолийн төсөлд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 17.2.9, 57.2, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.9, 39.3, 39.7 дахь хэсгийн хэрэгжилтийг хангаж, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг холбогдох этгээдээр нөхөн сэргээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах, хяналтыг сайжруулах; Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч эзэнгүй орхигдсон газрын тооллогыг дахин явуулж, мэдээллийн санг шинэчлэх, нөхөн сэргээлт хийх асуудлыг судалж шийдвэрлэх; Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, холбогдох төрийн байгууллагууд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, үр дүнг тооцох талаар ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох, тоон мэдээллийг нэгдсэн журмаар гаргах зэрэг арга хэмжээ авах тухай тусгагдсан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлахад, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн санал хэлэхдээ, энэ тогтоолын төсөлд Орхон голын асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг онцлов. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэхдээ, Байгаль орчин, Уул уурхайн яам зэрэг холбогдох байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаж байна. Энэ нь өнөөдрийн хуралдаан дээр харагдлаа. Иймд энэ тал дээр холбогдох албаны хүмүүс хариуцлагатай хандахыг сануулав.

Ийнхүү Байнгын хорооны гишүүдээс гаргасан саналыг тусган Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн дэмжлэг авсан юм.

Байнгын хорооны хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, ТББ болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш