ОХУ-ын Батлан Хамгаалах яамны “Ту-154” нисэх онгоц Хар тэнгист осолдсон болохыг тус улсын Онцгой байдлын яамны эх сурвалжууд мэдэгдлээ. Тодруулбал, Сирийн Латакия хот руу явж байсан 84 зорчигч, нисэх багийн 8 хүн бүхий онгоц өчигдөр өглөө Сочигоос нисээд удалгүй радарын дэлгэцээс алга болсон байна. Онгоц алга болсон даруйд эрж хайх ажил явуулж, улмаар эргээс 1.5 км зайтай газраас тосорхог толбо, онгоцны дугуй, зорчигчдын эд зүйлийг илрүүлжээ.
Онгоцны ослоор амь үрэгдэгсдийн олонх нь Сири дэх ОХУ-ын цэргийн хүчнийхэнд зориулж тоглолт хийхээр явж асан Александр Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулгын хөгжимчид байжээ.
Онгоцны осол болсон бүс нутагт 50-70 м гүнд эрэл хийх шаардлага гарч байгаа бөгөөд хайлтын ажиллагаанд Хар тэнгисийн флотын 6 хөлөг болон шумбагч онгоцууд оролцож байна гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.