logo
АУ-ны доктор, дэд профессор Э.Одхүү: Үргүйдлийн орчин үеийн эмчилгээний үндсэн технологийг Монголдоо  нутагшуулсан нь өнөөдрийн бидний амжилт

АУ-ны доктор, дэд профессор Э.Одхүү: Үргүйдлийн орчин үеийн эмчилгээний үндсэн технологийг Монголдоо нутагшуулсан нь өнөөдрийн бидний амжилт

2017/01/11
Монгол улсдаа дэлхийд тэргүүлэх чанартай, үр шилжүүлэн суулгах, мөн эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмнэлгийг бий болгож орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан үйлчлүүлэгчдэд ээлтэй, шуурхай, жигд, хүртээмжтэй үйлчлэх замаар хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах, эрдэм шинжилгээ, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний цогц байдлаар тэргүүлэх эмнэлэг байх нь бидний эрхэм зорилго  бүхий нэгэн байгууллага бол “Өөжин мед”-ийнхэн юм. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн Аварга Э.Бадар-Ууганы санаачлан байгуулсан уг үр шилжүүлэн суулгах төв нь жилдээ 300-500 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм. Ингээд шинэ оны босгон дээр “Өөжин Мед” үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ эрхэлсэн захирал Э.Одхүүтэй ярилцсанаа  хуваалцаж байна.
-Он солигдох мөч тун ойрхон байна. “ӨөжинМед”-ийнхэн ололт амжилт арвин байв уу?
-Манай үр шилжүүлэн суулгах төвийн хувьд энэ жил амжилт ихтэй байсан. Бид Япон улсын “Kato Ladies Clinic”-т хэрэглэдэг үргүйдлийн орчин үеийн эмчилгээний үндсэн технологийг Монголдоо нэвтрүүлээд байна. Мэдээж энэ технологийг нутагшуулна гэдэг нь тун төвөгтэй. Учир нь бид Японд бүх зүйл нь тогтворжсон, дадлага туршлага сайтай эмч нарын удирдлаган дор бэлэн лаборатори дээр ажиллаж суралцаад ирсэн. Тэгэхээр Монголдоо яг энэ бүхнийг технологи алдуудалгүй нутагшуулж, баталгаажуулан суурьшуулна гэдэг хэцүү ажил бөгөөд манай хамт олон энэ бүхнийг хийж, үр дүнгээ харж байгаа нь бид бүхний өнөөдрийн хамгийн гол амжилт гэж хэлмээр байна. Японы тус эмнэлэг нь улсдаа 10 гаруй салбартай, гадны улс орны хувьд АНУ-д хоёр,Филиппин, Шанхай, Монголд зэрэг газар тус тус салбар төвүүдтэй. Эдгээр салбарынхан өөр хоорондоо туршлага солилцон, байнга харилцаа холбоотой ажилладаг. Эндээс сонирхуулахад саяхан АНУ-д гурван аав ээжийн хүүгийн тухай хэвлэлээр шуугиуллаа шүү дээ. Удамшлын шалтгаант митохондрын өвчтөний өндгөн эсийн чанарын өөрчлөлтөөс болж үр тогтдоггүй, тогтсон ч өсөлтгүй жирэмсэн болдог. Ийм эмэгтэйчүүдэд IVF эмчилгээ олон удаа хийгээд ч амжилтанд хүрдэггүй болохыг эмч нар сайн мэднэ. Тэгвэл манай АНУ дахь салбар эмнэлгийн эмч John Zang энэхүү өвчинтэй хосуудын өндгөн эсийн удмын материалыг залуу эрүүл донор эмэгтэйн өндгөн эсэд шилжүүлэн суулгаж дэлхийд анх удаагурван хүний эс ашиглан бий болгосон хүүхдийгМексик улсад амжилттай эрүүл саруул төрүүлж чадсан. Тэгвэл энэхүү эмчилгээний аргыг АНУ-ын эмч нартай хамтран Монголдоо хэрэгжүүлэх, хамтран туршлага солилцон ажиллах эхний алхмыг энэ онд эхлүүлж чадсан нь бас нэг том амжилт. Цаашдаа эмчилгээний үр дүнг илүү сайн болгохын тулд ирэх онд хичээн ажиллана.
-Эмнэлэгт хичнээн хүн ажилладаг вэ?
-Эмнэлгийн гараа 2009 оноос эхэлж, 2010-2015 онд Японд хүний нөөцөө сургаж бэлтгэсэн. Ийнхүү олон жилийн бэлтгэл ажлын дараа 2015 оны зургаан сард нээлтээ хийж байлаа. Одоогоор гурван их эмч, дөрвөн эмбриологич эмч, сувилагч, лабораторийн ажилтан, санхүү, цэвэрлэгээний ажилтан, хүлээн авагчгэхчилэн 18 орчим хүн ажиллаж байна.
-Монголд үр шилжүүлэн суулгах чиглэлээр эмч нарыг мэргэшүүлдэг үү?
-Бид АШУҮИС-ийн гарааны эмнэлэг хэмээн явдаг. Одоогоор уг сургуулийн Эх барих-Эмэгтэйчүүдийн тэнхимийн төгсөлтийн дараах сургалтын Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэгийг тойролтыг эхлүүлээд үргүйдлийн шалтгаан, эмгэгжамын талаар залуу эмч нарт сургалт хийж байгаа.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Би 2004 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, Анагаах ухааны сургуулийгхүний их эмчээр төгссөн. 2005 оноос сургуульдаа багшаар ажиллаж, 2006 онд АУ-ны магистр хамгаалсан. 2007-2010 онд Австрийн Вена хотод докторын судалгаагаа хийж, Монголдоо ирээд “Монгол хүний насжилтанд антиоксидант болон проксидант тогтолцооны оролцоо” сэдвээр АУ-ы докторын зэрэг хамгаалсан. Ингээд 2010 оноос 2015 он хүртэл Япон улсын Kato Ladies Clinic-т эмбриологч эмч, эмэгтэйчүүдийн эмчийн сургалтанд суралцаад, өдгөө эмнэлэгтээ ажиллаж байна.
-Өнгөрсөн хугацаанд хичнээн гэр бүлд аз жаргал бэлэглээд байна вэ?
-Өнгөрсөн жил гаруй хугацаанд манай төвд нийт 225 эмэгтэй жирэмсэн болсон байдаг. 2016 оны 11 сарын эхний байдлаар 45 хүүхэд эсэн мэнд мэндэлсэн байна. Мөн эмнэлгийн хяналтаас гарсан 63 жирэмсэн төрөхөө хүлээж байгаа бол хяналтанд 48жирэмсэн ээж явж байна.
-Одоогоос хэдэн жилийн өмнө энэ бол биелэх аргагүй мөрөөдөл мэт байлаа. Харин өнөөдөр эх орондоо энэ эмчилгээг хийлгэчихэж байна. Халаасан дахь хэдээ хэмнэж байна л гэсэн үг шүү дээ, тиймээ?
-2015 оны зургаан сард үйл ажиллагаагаа эхлүүснээс хойш чамлахааргүй амжилттай ажиллаж явна. Мэдээж Солонгост ч юмуу, өөр гуравдагч оронд энэ төрлийн эмчилгээг аваад жирэмсэн болох зардлаас хэд дахин хямд гарч байгаа. Тэгэхээр мөнгөний гадагшаа гарсан урсгалыг өөрсдийн хэмжээнд хааж байгаа л гэж хэлнэ.
-Үр шилжүүлэн суулгах ажилбар нь ямар дарааллаар явдаг юм бэ? Манай уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.
-Эмэгтэй хүний өндгөвчинд өндгөн эс хөгжиж боловсордог. Тэр өндгөн эс нь сарын тэмдэг ирэх үеэс хөгжөөд, бүрэн гүйцэд боловсорсныхоо дараа буюу мөчлөгийн яг дунд үед өндгөвчнөөс хагарч үрийн хоолойд ирдэг. Яг энэ үед бэлгийн харьцаанд орвол эр бэлгийн эс үтрээнд орж, тэндээсээ умайн хүзүү, умайн хөндий, үрийн хоолойгоор дамжин үрийн хоолойн төгсгөлд өнөө хагарч гарсан өндгөн эстэй нийлж үр тогтоодог. Тогтсон үр хөврөл нь үрийн хоолойд дөрвөн өдөр байгаад тав дахь өдрөөс умайдаа орж бэхлэгдээд жирэмслэдэг юм. Хэвийн жирэмслэх үйл явц ийм дараалалтай. Харин өндгөвчнөөс гарсан өндгөн эс, эр бэлгийн эстэй уулзаж чадахгүй байх, уулзсан ч цаашаа хөгжиж чадахгүй, эсхүл өндгөвчнөөс өндгөн эс бүрэн гүйцэд боловсорч гарахгүй, аль эсвэл эр бэлгийн эс нь өндгөн эсэндээ хүрч чадахгүй, эсвэлүрийн шингэнд эр бэлгийн эс огт байхгүй гэх мэт маш олон төрлийн шалтгаанаас болоод дээрх үйл явц жамаараа болж чаддаггүй. Үүнийг бид үргүйдэлтэй байж болзошгүй хэмээн ойлгодог.
-Энэ тохиолдолд үр шилжүүлэн суулгадаг байх нь ээ?
-Олон улсад үргүйдлийн шалтгаанаасаа хамаараад эмчилгээний үндсэн гурван төрлийн аргыг хэрэглэж байна. Үүнд нэгдүгээрт нь хугацаа товлох. Энэ ньЭХО болон дааврын хяналтан доор яг өндгөн эсийн гадагшлах хугацааг гаргаж, хосуудад бэлгийн харьцаанд орох хугацааг нь товлож өгдөг. Хоёрдугаарт нь өндгөвчинд өндгөн эс боловсорч хагарч гүйцэх тэр үед эрэгтэйн үрийн шингэнийг авч, угааж цэвэрлээд эр бэлгийн эсийг ялган умайн хөндийд цацах эмчилгээ бий. Харин гурав дахь нь үр шилжүүлэн суулгах арга юм. Энэ нь өндгөн эсийг хагарч үрийн хоолойд орохоос нь өмнө тусгай ажилбараар хатгалт хийж аваад лабораторид оруулдаг. Нөгөө талаас эр бэлгийн эсийг авч, угааж цэвэрлээд лабораторийн орчинд нийлүүлнэ. Өөрөөр хэлбэл эр, эм бэлгийн эс нийлээд үрийн хоолойнд амьдрах хугацааг лабораторид хийж байна гэсэн үг. Ингээд умайн салстад суухад бэлэн болсонүр хөврөлийг бид умайд суулгах ажилбарыг үр шилжүүлэн суулгах гэдэг.
-Үргүйдэл ямар шалтгаанаас болж үүсдэг юм бэ?
-Үргүйдлийн маш олон шалтгаан бий. Ерөнхийд нь эрэгтэй болон эмэгтэйгээс шалтгаалсан хэмээн ангилдаг бөгөөд хэвлэлийн зарим тоймд анхдагч болон хоёрдогч үргүйдэл хэмээн ангилсан байдаг. Шалтгаанаас ерөнхийд нь дурдахад өнчин тархины үйл ажиллагааны алдагдлаас байж болно. Өндгөвчинд өндгөн эс боловсорч ялгарах, төмсгөнд эр бэлгийн эс үүсч хөгжихөд өнчин тархинаас ялгарч байгаа бэлгийн дааврууд чухал ач холбогдолтой. Тэгэхэд удамшлын болоод олдмол шалтгааны улмаас өнчин тархинаас ялгарч байгаа бэлгийн даавруудын үйл ажиллагаа алдагдаж, өндгөн эс, эр бэлгийн эс хөгжих үйл явцыг алдагдуулчихдаг. Нөгөөтэйгүүр элгэнд бэлгийн даавруудыг зөөж холбож байдаг уургууд нийлэгжиж байдаг. Тэгвэл тэр уургийн үйл ажиллагааны алдагдалтай хүмүүс байна. Гуравт эмэгтэйчүүдийн өндгөвчний үйл ажиллагааны бүлэг шалтгаанууд бий. Тухайлбал өндгөвчин дээр манайхны хэлдэгээр киста буюу төрөл бүрийн уйланхайнууд үүсэх. Киста нь тухайн эмэгтэйн өнчин тархи, өндгөвч, бэлгийн булчирхайн дааврын үйл ажиллагааны гажуудал, удамшлын шалтгаантай үүсээд байдаг. Энэ нь өндгөн эс боловсорч хагараад үрийн хоолойд орох үйл явцад саад учруулдаг. Дараагийнх нь үрийн хоолойн шалтгаантай. Үүнд үрийн хоолойн битүүрэл, үрийн хоолойд шингэн хуримтлагдах, эсвэл умайн гадуурх жирэмслэлтээс болоод мэс ажилбар хийгдсэн хүмүүс багтдаг.  За бас умай, умайн хүзүүний шалтгаанууд байна.
Харин эрчүүдийн хувьд дааврын алдагдлаас гадна удамшлын шалтгаантай, эсвэл багадаа ямар нэгэн бэртэл гэмтэл авч байсан, гахайн хавдар тусаад төмсөгний эдүүд нь үхэжсэн, химийн эмчилгээ хийлгэж байсан гэх мэт. Дээр нь бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөөд, өнөөх нь хүндэрсний улмаас үрийн хоолой наалдаж битүүрсэн ч байж болно. Эсвэл хүүхэд байхдаа төмсөг нь хожуу бууснаас ч үүддэг. Өндөр температурт төмсөг удаан хугацаагаар байснаас бэлгийн эс нийлэгжүүлэх үйл явц удааширдаг гэх мэт маш олон шалтгаан жирэмслэх үйл явцад сөргөөр нөлөөлдөг.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш