Өнөөдөр Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 198 000 өрхийн 30 хувь нь амьдралын нөхцөл боломж муугаас хуучин дугуй, ашигласан тээврийн хэрэгслийн тосонд дүрсэн тоосго, хог хаягдал түлж байгаа судалгаа байдаг. Түүхий нүүрс худалдан авч чадахгүй байгаа айл өрхийг халамжийн бодлогоор, хяналттай, зөв механизмаар халаалтыг нь шийдэх ажлыг зохион байгуулах шаардлага тулгарсан. Засгийн газар ч энэ чиглэлээр шат дараатай ажил хийж байна. Өнөөдөр гэхэд л Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зохион бүтээгчидтэй уулзлаа.
Улаанбаатар хот жилдээ 5.9 сая тонн түүхий нүүрс, үүний 10 хувийг гэр хорооллынхон хэрэглэдэг юм байна. Гэвч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн яндангаас гарч байгаа утаа эзэлдэг. Цахилгаан станцууд түүхий нүүрсний 85 хувийг ашигладаг ч дөнгөж 6 хувийн бохирдол ялгаруулдаг байна.
Засгийн газрын хуралдаанаас чиглэл өгсний дагуу хотын удирдлагууд Улаанбаатарт ирэх шилжилт хөдөлгөөнийг хориглож, энэ шийдвэрийг ҮАБЗ дэмжсэн. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар өндөр насжилттай тээврийн хэрэгслийн импортыг үе шаттай хориглох талаар хэлэлцэн тодорхой санал боловсруулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгосон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Засгийн газар гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн. Салбарын яам “Ногоон зээлийн сан” бий болгож, орлого багатай айл өрхүүдэд шөнийн тоолуур, цахилгаан халаагуурыг зээлээр олгох боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн энэ хавар, зун, намартаа цахилгаан эрчим хүчний хангамж, хүчдэлийн уналтыг шийдэх чиглэлээр тодорхой үүрэг өгсөн” гэлээ.
Засгийн газраас авч байгаа шат дараатай арга хэмжээнүүд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн төлөөлөл хэллээ. Цаашид иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, тэдний сонголт, идэвхтэй оролцоог дэмжих, шаардлага хангасан техник технологи, тоног төхөөрөмж худалдан авах урт хугацааны зээл, тусламжид хамруулах, аж ахуйн нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх боломжийг судлан үзэхийг хүслээ. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа бүх аж ахуйн нэгжийн тэгш оролцоог хангаж, шударга өрсөлдөөнийг дэмжих шаардлагатайг хэлж байлаа.
Үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн санал, хүсэлтийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Засгийн газар хэн нэгний бизнесийг дэмжих зорилгоор утааны эсрэг тэмцэхгүй. Айл өрхийг хамгийн сайн халааж чадах, хамгийн аюулгүй, эрчим хүчний хамгийн сайн хэмнэлттэй шийдлийг л дэмжинэ. Ийм зорилгоор үзэсгэлэн зохион байгуулсан, ийм зорилгоор та бүхэнтэй уулзаж байгаа. Засгийн газар хэн нэгний бизнесийг сонгохгүй, бодлогоор дэмжихгүй, айл өрхүүдийг ав гэж тулгахгүй. Та бүхний өмнө зах зээлийг чинь нээж өгнө, та бүхний технологи, төхөөрөмжийг зах зээл өөрөө туршиж, хэрэглэгч өөрөө сонгоно. Хэрэглэгчид сонголтоо хийх боломжийг олгоно” гэлээ.
Уулзалтын үеэр гарсан Дулаан үйлдвэрлэлийн техникийн төв байгуулах саналыг судлан үзэж хэрэгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг Ерөнхий сайд холбогдох хүмүүст үүрэг болгохоо амаллаа