Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы УИХ-ын 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанд "Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийнэ. Хүүхэд хамгаалалтай холоотой олон асуудлыг хөндөх энэхүү мэдээллийг бид тухайн үед нь бүрэн эхээр нь хүргэх болно.
Эргэн сануулахад, Монгол Улс одоогоос 28 жилийн өмнө НҮБ-ээс 1989 онд батлан гаргасан "Олон улсын хүүхдийн эрхийн конвенци"-д нэгдэн орсон бол УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сард баталж, есдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Засгийн газраас Хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжүүлэхэд зориулан 2017 онд 400 сая төгрөг, Хүүхдийн тусламжийн 108 утасны төвийн зардалд 200 сая төгрөг, хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтэд 5,8 тэрбум төгрөгийг төсөвт тусгажээ. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй "Хүүхдийн мөнгө" хөтөлбөрт эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч ойрын 2-3 жилдээ нийт хүүхдийн 60 хувьд буюу 660 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг бэлнээр олгож, үлдсэн 40 хувьд нь 2019 оноос нөхөж олгох шийдвэрийг гаргасан байна.