УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга болон ажлын дэд хэсгийн гишүүд /2017.01.18/ Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Шинжлэх ухаан, технологийн тухай хууль болон Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгүүд ийнхүү ажилласан юм.
Шинжлэх ухаан технологийн сан /ШУТС/ -гийн үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүдэд тус сангийн захирал Д.Энхжаргал танилцуулга хийв. ШУТС нь Монгол Улсын Засгийн газрын 1993 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагджээ.
Тус сан нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих, судалгаа боловсруулалтын ажлын явцын мониторинг хийх, үр дүнг сурталчлах, нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, импортыг орлох, экспортод гаргахад чиглэсэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, монгол эрдэмтдийн бүтээлийн болон тайлангийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор ажилладаг байна.
Сангийн захирал Д.Энхжаргал танилцуулгадаа байгууллагын эрх зүйн орчин, төсөв, төсвийн гүйцэтгэл, инновацийн төслүүдийн санхүүжилт, шинээр хэрэгжиж байгаа инновацийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн. Сан байгуулагдсанаасаа хойш 184 төслийг 15.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.
2016 оны байдлаар инновацийн 74 төслийг 6.6 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлсэн байна. Үүнд, анагаахын 16, байгалийн 11, нийгмийн 8, техникийн 21, хөдөө аж ахуйн салбарын 18 төсөл багтжээ.
Төслийн үр дүнгээр 97 бүтээгдэхүүн гаргасан бөгөөд эдгээр бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, эргэлтэд оруулах, олон түмэнд таниулах ажлыг шуурхай хийх зорилготой ажиллаж байгаагаа танилцуулгадаа дурьдлаа.
Мөн мэдээллийн сандаа хадгалсан эрдэмтдийн оюуны өмчийг үнэлгээжүүлж, барьцаалан эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ажилласан болон цаашид эрдэмтдийн бүтээлийг онлайн худалдаагаар борлуулахаар ажиллаж буйгаа хэлсэн.
Үүний дараа ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаачдаас сангийн үйл ажиллагаатай холбоотой ажил хэрэгч санал хэлэхийг урилаа.
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, профессор А.Чойжамц “Манай улс хөрсний доройтолд орсон. Тиймээс бидний багш нар судлаад, хөрсний үр шимийг сайжруулах бордоог төрөл бүрээр нь үйлдвэрлэх бордооны үйлдвэр байгуулсан. Энэ үйлдвэр одоо Төв аймгийн Баянчандмань суманд жилд 50 мянга хүртэл тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байгаа ч энэ үйлдвэрийг хөгжүүлэх, бойжуулах, бүтээгдэхүүнийг борлуулалтад гаргахад төр засгаас дэмжлэг авч чадсангүй. Бидний хөөцөлдлөгөө үр дүнд хүрсэнгүй. Инновацийг хүмүүс ойлгохгүй байна. Хөрсний үр шим сайжруулах бордоо үйлдвэрлэх Монголд байхгүй үйлдвэр босгосон байхад салбарын яам дэмжсэнгүй. Инновацийн тухай мэдлэг сул салбарын яам дотооддоо үйлдвэрлэж байгаа чанарын хувьд ярих юмгүй энэ бордоог худалдан авах, борлуулалтад гаргах бодлого барьдаггүй” гэсэн юм.
ХААИС-ийн Инноваци бизнес хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбат “Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хуульд нэмж тусгах санал хэлье. Манайд оюуны өмчийг үнэлэх талаар тун дутмаг. Хэн, хэрхэн, ямар аргачлалаар үнэлэх тухай эрх зүйн орчин сул байна. Тиймээс дээрх хуулиудад оюуны өмчийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тодорхой тусгаж өгөх шаардлагатай” гэв.
Эрдэмтдийн үгийг сонссоны дараа ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, гишүүн Д.Гантулга нар үг хэлж, санал солилцлоо.
Ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга эрдэмтдийн оюуны чадавхийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, бизнесийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр ашгийг хүртэхэд төрийн бодлого, зохицуулалт заавал байх ёстойг хэлсэн бол ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлогын баримт бичигт болон Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Инновацийн тухай хуульд цаг үеийн шаардлагаар нэмж тусгах санал байвал ажлын хэсэгт ирүүлэхийг хүссэн. Түүнчлэн, шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчны бодлогын баримт бичгийг боловсронгуй болгоход НББСШУ-ны байнгын хороо чуулганы бүрэн эрхийн хугацаанд идэвхтэй ажиллана гээд эрдэмтдээс салбараа хөгжүүлэх, судалгааны ажлынхаа хүрээг тэлэхэд идэвхтэй хамтран ажиллахыг хүсэв.
ШУТС-гаас үйл ажиллагаагаа танилцуулах энэ үеэрээ инновацийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргасныг УИХ-ын гишүүд болон ажлын дэд хэсгийн гишүүд үзэж сонирхсон юм. Үргэлжлүүлэн ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, гишүүн Д.Гантулга болон ажлын дэд хэсгийн гишүүд Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн төв байранд ажиллалаа.
Хүрэлцэн ирсэн ШУА-ийн Их, Бага чуулганы болон салбар академийн гишүүд, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС-ийн удирдлагуудад НББСШУ-ны байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгүүдийн зорилгын талаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлаа.