Ер нь ч үе үеийн дуучид ялангуяа баргийн эмэгтэй хүн “Гоолингоо”-г дуулдаггүй, нарийн учир уялдаатай, олон нугалааг шаглаж дуулахаас гадна хоолойн чадал шаарддаг гэдэг. Тухайн үед поп хатагтай Б.Сараа “Гоолингоо”-г өөрийн хоолойгоор дахин амьдруулах зориг гаргаж, Монголын радиогийн алтан фондоос АЖ Д.Ичинхорлоо агсны дуулсан эх хувилбарыг нь авч сонсоод шаглаж дуулахын тулд шаггүй сургуулилт хийсэн түүхтэй юм билээ.
Хамгийн гол нь “Гоолингоо” дуунаас гадна олон сайхан ардын дууг түүхийн шаргал хуудсанд элэгдэж, мартагдахаас аварсан хүн бол яалт ч үгүй поп хатагтай Б.Сараа. Хоолойн чадлаас гадна дууны дотоод гоо сайхныг мэдэрч, илэрхийлдгээрээ урлагийн томчуудаас энэ мэт өндөр үнэлгээ авахад “Аргагүй амраг” тоглолт хүчтэй нөлөөлсөн. Тиймдээ ч тухайн үед тоглолтын тасалбар нь 20 ам.доллараар зарагдсан ч үзэгчид СТӨ-г өргөж явах нь холгүй оочер дараалал үүсгэж, рекорд тогтоож байсныг одоо ч санаж буй биз ээ.
Тэгвэл энэ удаа “Аргагүй амраг” тоглолтын тасалбар 50-70 мянган төгрөг бөгөөд худалдаанд гарсан даруйдаа тал хувь нь дууссан гэнэ шүү.
Дашрамд дурьдахад, Монголын №1 продакшн On&Off поп хатагтайн тоглолтыг хариуцаж байгаа бөгөөд Corporate convention center-т ирэх сарын 10-ны 19:00 цагт ганцхан удаа тоглогдох аж.
Монголчууд хошин шогийн тоглолтоос өөр үзэх үзвэргүй, уйдаж залхаад байгаа энэ үед“Аргагүй амраг” ёстой л цаг үеэ мэдэрч чадлаа. Яг үнэндээ Б.Сараагийн фэнүүд хамгийн азтай нь. 30 жил тасралтгүй уран бүтээл хийсэн, зүгээр суудаггүй, жил бүр тоглолт хийдэг үүн шиг дуучин үгүй гэвэл хэтрүүлсэн болохгүй. Аргагүй л “юугаар баян, түүгээрээ дайлна” гэгчээр хэдий СТӨ-ний дэд захирал болсон ч хажуугаар нь уран бүтээлээ орхилгүй, үзэгч олноо уйдаадаггүй хэвээрээ шив. Ийм л болохоор ард түмэн түүнд хайртай байх нь аргагүй юм.