УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2017.01.31/ хуралдаанаар үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хууль санаачлагч илтгэлдээ, монгол үндэсний сурын харвааны хөгжил өнөө үед өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн улам их болж байна. Өнгөрсөн 94 жилийн хугацаанд дархан мэргэн цолыг ганцхан харваач хүртсэн нь үүний илрэл юм. Иймээс харваачдын 15 дугаар их хурлаас гаргасан шийдвэр, харваачдын санал, хүсэлтийн үндсэн дээр харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардлагын үүднээс сурын харваанд ганцхан төрлийн цол олгож байгаа өнөөгийн практикийн өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн.
Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор хуулийн төсөлд тусгасан тухайгаа танилцуулсан юм. Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд цолны болзол хангасан харваачдад цолыг нөхөн олгох үүднээс Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулжээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ер нь цаашдаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийг цогцоор нь авч үзэж сайн нягталж судлаад энэ хуулийг хүчингүй болгох шаардлагатай, тамирчдад цол, зэрэг олгох асуудлыг заавал хуулиар зохицуулах биш тухайн спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгуулагууд нь өөрсдөө шийдээд явдаг байх нь зөв, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ урьд нь спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд нь баяр наадмаа зохион байгуулж, тамирчдадаа цол, зэрэг олгоод ирсэн байдаг. Гэтэл эрх мэдлийг нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч татан авч заавал хууль гаргаж, Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгодог болсныг эргэн харж цэгцлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв.
Ингээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь дэмжив.