УИХ-ын Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн нэг төсөл болгож хэлэлцжээ. Мөн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ тус Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Дараа нь Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав.
Уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын нэр бүхий 30 гишүүний санаачилсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулав.
Тус Байнгын хороо өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс анхдагч хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 22, дагалдаж өргөн баригдсан хуулиудын төслийн зарчмын зөрүүтэй гурван санал бэлтгэснийг санал хурааж шийдвэрлэн энэ талаархи санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамтаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ.
Ингээд Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Энэ зүйлийн 5.1-д заасан зарчмыг зөрчиж зөвлөлдөх санал асуулгын үр дүнд нөлөөлөх, санал асуулгын дүнг санаатайгаар гуйвуулахыг хориглоно” гэсэн агуулгатай 5.2 дахь хэсэг нэмэх, төслийн 6.3 дахь хэсгийг “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд энэ хуулийн 6.1-д зааснаас бусад асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг санаачлан явуулж болно” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 11.11 дэх хэсэгт “Энэ зүйлийн 11.4-т заасан зөвлөлдөх санал асуулгын санал авах хуудас дахь мэдээлэл нууц байна” гэж нэмэх, төслийн 11 дүгээр зүйлд “Энэ хуулийн 11.10.4 дэх заалтад заасан хөтлөгч нь өөрийн байр сууриа илэрхийлэх, өөр мэдээлэл өгөх зэргээр хэлэлцүүлэгт оролцож нөлөөлөхийг хориглоно” гэсэн агуулгатай 11.15 дахь хэсгийг тус тус нэмэхээр тогтов. Түүнчлэн зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдон гарах зардлыг улсын төсөв, орон нутгийн төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр өөрчлөн найруулахыг дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын нэр бүхий 19 гишүүний санаачилж өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм. Тус Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 01 дүгээр сарын 25, 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй 43 саналын томьёолол гаргасныг нэгбүрчлэн санал хурааж шиийдвэрлэжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 8.2 дахь хэсгийг “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулна” гэж, төслийн 23.1.3 дахь заалтыг “Хөгжлийн банкны санхүүгийн тайлангийн талаархи аудитын дүгнэлтийг баталж, түүний үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд хүргүүлэх” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов. Мөн Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний шалгуурын талаархи төслийн 19.5 дахь хэсэг, Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүрэгтэй холбогдолтой төслийн 20.1, 20.2 дахь хэсгийг тус тус өөрчлөн найруулахаар тогтлоо. Түүнчлэн төслийн 25.1 дэх хэсгийг “Хөгжлийн банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавх журам, Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк, санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж, төслийн 26.2 дахь заалтыг “Хөгжлийн банкны дотоод аудитын нэгж нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан банкны бодлого, төлөвлөгөө, төсөв болон бусад шийдвэрийн хэрэгжилт, дотоод хяналтын үйл ажиллагаанд аудит хийж, зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж тус тус өөрчлөн найруулахаар боллоо. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Үргэлжлүүлэн “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжжээ.
Байнгын хорооны горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн мөн 86.7 хувь нь дэмжив.
Үүгээр чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар нийтдээ 12 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэн 23 цаг 47 минутад завсарлалаа.