2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболороос тодруулга авлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өмнөх хуулиас юугаараа онцлог болсон гэж та үзэж байгаа вэ?
-Шинэ хууль нь өмнөх хуулиасаа урьдчилан сэргийлэх асуудлыг түлхүү тусгаж өгснөөрөө онцлог.Урьдчилан сэргийлэх асуудлыг 3 түвшинд авч үзсэн.
Үүнд: Гэр бүлийн хүчирхийллийг гаргахгүй байх. Тухайлбал,зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах. Энэ нь хүүхэд цэцэрлэгт байхаасаа ямар ч асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдэх аргад суралцах.
Хоёрт. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй.
Гуравт. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг дахин өртүүлэхгүйн тулд тодорхой үйлчилгээнүүдийг төрөөс үзүүлэх юм.
-Танай төвд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд хэр ханддаг вэ?
-Хууль зүйн туслалцааны төвөөс 2016 оны байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн төлбөрийн чадваргүй 257 иргэн хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авсан. Энэ төрлийн гэмт хэрэг далд хэлбэртэй үйлдэгддэгээс манай байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хууль зүйн туслалцаа авахаар хандсан тоо нийт үйлчлүүлсэн иргэдийн тоотой харьцуулахад нилээд бага хувийг эзэлж байгаа юм.
Энэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулах, хохирогчид үзүүлэх хууль зүйн туслалцааг хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээгээр үзүүлэхээр заасан.
Түүнчлэн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын багш нарыг бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрт тусгах зэрэг зохицуулалт тусгагдсанаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн хохирогчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нарийвчлан зохицуулсан.
-Танай төв иргэн, захиргааны хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлдэг үү?
- Хууль зүйн туслалцааны төвийн хууль зүйн үйлчилгээ нь зөвхөн гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа этгээдэд чиглэх бөгөөд өмгөөллийн болон хууль зүйн зөвлөгөө гэсэн төрөлтэй. Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хууль зүйн туслалцаа авах эрх бүхий хүн нь төлбөрийн чадваргүй яллагдагч байна. 17 дугаар зүйлийн 17.2.2-т улсын өмгөөлөгч нь энэ хуульд зааснаас өөр хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хориглоно гэж тус тус заасан байдаг.
Гэвч улсын өмгөөлөгчид төлбөрийн чадваргүй иргэд, тэр дундаа эрүүгийн хэргийн хохирогч, иргэн, захиргааны хэрэг, маргааны оролцогчдод амаар болон бичгээр хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгч ажилласаар байна. Иргэдийн дунд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах бодит хэрэгцээ, шаардлага байгаа нь иргэд энэ чиглэлээр туслалцаа авахаар тус төвд хандаж байгаагаас харж болох юм.
Бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн эрүүгийн хэргийн хохирогч, иргэн, захиргааны хэрэг, маргааны оролцогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх талаарх эрх зүйн зохицуулалтыг сайжруулахаар үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах шаардлагатай нийгмийн зорилтот бүлгийн судалгаа хийж, судалгаанд үндэслэн “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль”-д нэмэлт,өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.