logo
Ерөнхий консул Л.Амарсанаа консулын патентаа гардуулав

Ерөнхий консул Л.Амарсанаа консулын патентаа гардуулав

2017/02/16
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченкод консулын патентаа гардуулав. Консулын патентаа гардуулсантай холбогдуулан Амбан захирагч С.Г.Левченко Ерөнхий консул Л.Амарсанааг хүлээн авч уулзав.

Амбан захирагч С.Г.Левченко Эрхүү хотод суралцаж төгссөн, дипломат албаны туршлагатай хүн Ерөнхий консулаар томилогдон ирсэнд таатай байгаагаа хэлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улс, ОХУ-ын харилцаанд Эрхүү муж онцгой үүрэг гүйцэтгэдэг, хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна гээд цаашид худалдаа, эдийн засгийн харилцаа, үүний дотор эрчим хүч, эрдэс баялаг, байгаль орчин, аялал жуулчлал, зам барилгын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Амбан захирагч С.Г.Левченко Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр эдгээр асуудалд анхаарлаа хандуулах болно гэдгээ дурдав.

Ерөнхий консул Л.Амарсанаа Монгол Улс ОХУ-ын Эрхүү мужтай олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд энэхүү харилцаа бүхий л салбарт хөгжиж ирснийг дурдаж Эрхүү хотын их, дээд сургуулиудад манай улсаас 5000 гаруй хүн суралцаж  эх орондоо үр бүтээлтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. Цаашид хоёр талын хамтын ажиллагаа ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү хөгжүүлэх талаар анхаарч, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, Амбан захирагч С.Г.Левченкогийн Монгол Улсад хийх айлчлалд амжилт хүсэв.

Эх сурвалж: ГХЯ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш