"Алтан унжлагат" хэмээх гал тахиа жил айлчлан ирж буйг тохиолдуулан өнөөдөр Монгол Ардын нам ахмад гишүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд МАН-ын дарга М.Энхболд болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
МАН-ын дарга М.Энхболд ахмадууддаа хандан баяр хүргэж, хэлсэн үгэндээ “XX зууны түүх, өнөөгийн хөгжил, бүтээн байгуулалтыг хийсэн хүндтэй ахмадуудыгаа өнөө цагийн бид хүндэтгэх ёстой. Улиран одож буй мичин жилд МАН цөөнхөөс олонхи болж, орон нутгийн иргэдийн хуралд ялалт байгуулан нийт 21 аймгаас 20-ийнх нь эрхийг барьж чадлаа. Энэхүү их ялалтыг байгуулахад МАН-ын нийт гишүүд дэмжигчид хувь нэмрээ оруулсны дотор ахмадууд та бүхэн нийтээрээ идэвхтэй оролцож, хамгийн их үүргийг биелүүлсэн гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй. Мичин жилийн амжилт ирж буй улаагчин тахиа жилд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Монголчуудын хувьд тахиа жил ээлтэй байсныг батлах олон түүх, баримт байдаг.
Тухайлбал 1921 оны цагаагчин тахиа жил ардын хувьсгалыг хийж, анхны улс төрийн намыг байгуулж байв. 1981 оны цагаагчин тахиа жил Ж.Гүррагчаа баатар сансарын уудмыг эзэгнэж, монгол хүн анх удаа сансарт нисч байлаа. Энэ мэтээр билэгтэй, ерөөлтэй, амжилттай олон үйл явдал тахиа жилд тохиож байх юм. Тиймээс ирж буй тахиа жил булган сүүлтэй байж, ахмадуудыг ивээсэн, эдийн засгийн хүнд үеийг хөнгөвчилсөн, их бүтээн байгуулалтын жил байх болтугай гэх ерөөлийг дэвшүүлье. Айл өрх бүр аз жаргалаар цалгиж, ашиг орлогоор дүүрэн байх болтугай. МАН-ын удирдах зөвлөлийн өмнөөс та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье” хэмээлээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд уригдан ирсэн ахмадууд намын удирдлага, нийт гишүүддээ сар шинийн мэнд дэвшүүлэн, ерөөлийн даллагыг өргөн барьсан юм.