“Жи-Тайм Корпорейшн” ХХК-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа юм. Энэ талаар өнөөдөр /2017.03.09/ Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь “Жи-Тайм Корпорейшн” компанийг байгуулж, Монгол Улсын Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт зааснаар “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох хориглосон үйл ажиллагаа явуулж Монгол Улсын иргэдийг элсүүлэн онц их хэмжээний мөнгө залилан авсан хэргийг шалгаж байна.
Маженов Маратын Монгол Улсын хилээр нэвтрэх эрхэд прокурорын зөвшөөрлөөр хориг тавьсан байсан ба 2017 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед саатуулсан. Түүнд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.
Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Монгол Улсын иргэн О нарыг мөн зүйл хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон холбогдуулан шалгаж байна.
“Жи-Тайм Корпорейшн” ХХК-ийн захирлын өрөөн дэх эд хөрөнгө, худалдан борлуулдаг бараа, бүтээгдэхүүн, арилжааны банкууд дахь дансууд, тээврийн хэрэгсэл зэргийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжлэн хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан.
Гэтэл “Жи-Тайм Корпорейшн” компанийн үйл ажиллагааг сэргээнэ, компанийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг хэвийн үргэлжлүүлнэ, цалин мөнгө, урамшууллыг буцаан олгоно, цагдаад очиж өргөдөл өгөх юм бол мөнгө чинь олдохгүй. Толгой компанид гомдлоо гаргах юм бол мөнгөө авч чадна, Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд хууль ёсны компани гэдгээ нотолсон өргөдөл өгсөн, бидний үйл ажиллагааг хэвийн явуулна” гэсэн буруу ташаа мэдээлэл хүргэж байна.
Цагдаагийн байгууллагаас энэ компанийн үйл ажиллагааг зогсоосон. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан арга хэмжээнүүдийг авч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа.
“Жи-Тайм Корпорейшн” компанийн хууль бус ажиллагаанд өртөж хохирсон иргэдийг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандах боломжтой" гэж мэдээллээ.