logo
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов

Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов

2017/03/16

Засгийн газрын хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталлаа. Үүнтэй холбогдуулан тухайн газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй нь хэлэлцэн тохиролцож цуцлах арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь хэмжээ 0.4 хувиар нэмэгдэх юм. Тусгай хамгаалалтад авсан газрын хилийг заагийг тогтоохоор санал болгосон газартай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай ашигт малтмалын хайгуулын 7 тусгай зөвшөөрөл байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газрынхан танилцуулав.

Тухайн газарт уул уурхайн тээвэрлэлтийн улмаас олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, зэрлэг ан амьтан дайжих нь ихэссэн байна.  Мөн хайгуулын өрөм тавьж дээж авах зорилгоор ухсан цооногт зэрлэг ан амьтан, мал унадаг, усны нөөц багасч, булаг шанд ширгэн, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдан, айл, өрхийн ундаалдаг худагны усны хэмжээ эрс багасчээ.

Уул уурхайн нөлөөллөөс болж Тост, Тосон бумбын нурууны экосистемийн хэв шинж аюулд орсон бөгөөд ус, бэлчээр, ан амьтан, биологийн олон янз байдал, тэдгээрийн амьдрах орчинд өөрчлөлт гарч болзошгүй болоод байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш