logo
Ч.Сайханбилэгийн “яасан” дээр...

Ч.Сайханбилэгийн “яасан” дээр...

2017/04/06

“Хулгайд алдсан зүйлээ эзэн нь таниад авах нь хулгай мөн үү?”

Ийм утгатай мессеж өнгөрсөн хоёр хоногт сошиалаар хамгийн их тарав. Тарав ч гэж дээ, тараав. 100 хувь Монголын өмч байсан “Эрдэнэт” үйлдвэрийг социализм мөхсөнөөс хойш оросууд хулгайлаад авчихсан байсныг Ардын намынхан таниад ард түмэндээ өгөх гээд аваад ирсэн байх нь л дээ. Одоо төмөр замаа ч гэсэн хулгайлаад аваад ирээрэй л дээ, харж л байя. Харин дунд нь “Монголын зэс” корпараци гэдэг яалт ч үгүй Монгол Улсын нэг иргэний байгуулсан хувийн компани хэлмэгдчихлээ. Хэний мөнгөөр компаниа байгуулсан бэ, худалдан авалтыг хийсэн бэ? гэдэг дараачийн асуудал.

Иргэн Ц.Пүрэвтүвшин гэдэг хүний хууль ёсоор эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэдэг “амьгүй албат” шийдвэр гаргаад, хувьцааг нь төрийн өмчид шилжүүлээд “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн өмчид авч, Улсын бүртгэлд бүртгэжээ. “Ийм хууль Монголд байна уу?” гэж асуухаар “Засгийн газар ингэ гэсэн. Би мэдэхгүй” гэх. Засгийн газраас нь асуухаар “УИХ тэг гэсэн” гэнэ. Үнэн юм чинь. Одоо “Эрдэнэт” үйлдвэр 76 захиралтай боллоо, бултаараа сайхан найрлана аа.

Уг нь 2016 оны хоёрдугаар сарын 10-нд баталсан УИХ-ын тогтоолд,

1.ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголын зэс корпараци” ХХК-д шилжсэн ”Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлаар хуулийн хүрээнд хэлцэл хийж, үр дүнг танилцуулахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Засгийн газарт /Ж.Эрдэнэбат/ нарт тус тус даалгасугай  

2. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330-р тогтоолын “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхээсээ татгалзсан 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай... гэжээ. “Хуулийн хүрээнд хэлцэл хийх” гэдэг үгийг тогтоогоод авчихаарай!

Харин ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Дагвадорж нарын хүлээн зөвшөөрснөөр “Монголын зэс” корпарацийн эзэмшиж байсан хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах талаар талуудын дунд ямар ч хэлцэл явагдаагүй бөгөөд ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл үүнийг “Хэлцэл бол явна л даа. Зүгээр дэс дараалал нь л солигдсон хэрэг” хэмээн цагаатгаж байна. Товчхондоо дээрэмдээд авчихсан гэсэн үг. “Нисдэг бор морийг нь хулгайлаад ир гэсэн чинь нисдэггүй бор мориных нь нүдийг сохолчихлоо” гэдэг л болж. “Монголын зэс” корпарацийг төлөөлсөн ТУЗ-ийн гурван гишүүн энэ тухай гурван өдрийн дараа мэдэж байгаа юм. Компанийг өөрчлөн байгуулах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурал ч хийгээгүй, ТУЗ-ийн хуралдаа ч тэднийг оролцуулаагүй. Хуулийн дагуу шалгах юм байх гэсэн чинь бүртгэлээр дамжуулсан луйвар л болж хувирлаа. МАН ч үүндээ гаргуун л даа.  

Хэлцэл гэж юу вэ?

Хуульд юу гэж заасан бэ гэхээрХуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно.

/Иргэний хуулийн 31.1 Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах/, “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно“ /хуулийн 39, 40-р зүйл/ гэсэн байна. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн төлөөлөгч 49 хувийг худалдаж авахын тулд тэдний төлөөлөлтэй “Тийм хугацаанд тийм үнээр худалдаж авья” гэдэг хүсэл сонирхлоо илэрхийлж, түүнийг нь нөгөө тал хүлээн зөвшөөрснөөр хэлцэл хүчин төгөлдөр болно оо гэсэн үг. Засгийн газар  аль хэдийн хуулиа зөрччихлөө. Түүнийг нь УБЕГ хүлээж аваад “Эрдэнэт”-ийг төрийн өмчид бүртгэсэн нь хоёр дахиа хууль зөрчсөн үйлдэл болов. 2011 онд шинэчилсэн найруулгаар баталсан Компанийн тухай хуульд “Компанийг өөрчлөх төслийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ боловсруулан хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ” гэсэн байна. “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглох” Үндсэн хуулийн заалт ч утгаа алдлаа. Иргэний хуульд энэ тухай “Өмчлөгчийн эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж дэлгэрүүлсэн байдаг. Ямар хуульд заасан ямар үндэслэлээр “Монголын зэс” корпарацийн өмчлөгчийн эрхийг хязгаарласан бэ? Хариулт алга.

1996 онд УИХ-аар баталж, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчид эд хөрөнгийг хэрхэн авах талаар заасан байна.

Төрийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр авна:

1/ энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө;

 2/ үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө;

З/ эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан эд хөрөнгө;

4/ хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө; 

5/ хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу нийгэмчилсэн, дайчлан буюу хураан авсан эд хөрөнгө /6.1-6.5/ гэж заасан байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийн тухайд нэг бол худалдан авах, үгүй бол төрд нийгэмчлэх буюу дайчлан авах хоёр л боломж хуулийн хувьд байна. Гэвч аль аль нь болоогүй. Өмчийг нийгэмчлэх шийдвэрийг гагцхүү Улсын Их Хурал гаргах эрхтэй /хуулийн 8-р зүйл/.

Харин Засгийн газар, хуульд заасан тохиолдолд бусдын өмчлөлийн зүйлийг төрийн өмчид дайчлан авах шийдвэр гаргах, нийгэмчлэх санал, төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх /хуулийн 9-р зүйл/ л эрхтэй. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт бол бүр ч ийм эрх байхгүй

Хулгайч нь төр үү?

Хулгайд алдсан зүйлээ буцаагаад авсныг хулгай гэх үү? Энэ асуултад залхатлаа хариулж байна даа. Эхлээд хулгайчаа олох хэрэгтэй. Оросын Засгийн газартай хэлцэл хийж, өмчийг өмчийн эзнээс нь гэрээний дагуу худалдаж авсан Монгол Улсын иргэн лав хулгайчийн өмнөөс хариуцлага хүлээж таарахгүй. Тэр бол зүгээр л худалдан авагч. Хэнээс хэдэн төгрөг зээлсэн, хэдий хэр ашиг олно гэж тооцсон, ашгийнхаа хэдэн хувийг барьцаалсан гэдэг нь маньд падгүй асуудал. Хэрвээ тэнд нь хууль зөрчсөн асуудал байгаа бол тэр шатанд нь асуудлыг ярих ёстой. Тийм зүйл байхгүй бол “Монгол Улсад бүртгэлтэй “Монголын зэс” корпарацид худалдаж болно” гэдэг “добро” өгсөн Засгийн газар буюу Ч.Сайханбилэгийн танхим хариуцлага хүлээх ёстой. Хэрэвзээ Монголын Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросын талаас худалдаж авах нь Монгол Улсын эрх ашиг байсан, УИХ тухайн үед Засгийн газраас өөр байр суурьтай байсан гэж үзэж байгаа бол.

Тэгвэл УИХ-ын өмнүүр орж шийдвэр гаргасан, улс орныхоо эрх ашгаас урвасан Ч.Сайханбилэгээс эхэлж хариуцлагаа асуух хэрэгтэй болно. Дараа нь энэ Засгийн газар ч гэсэн хариуцлагаа хүлээгээд “Монголын зэс”-тэй хэлцэлд орж, өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалт, Оростой хийсэн наймааных нь төлбөр тооцоог гаргаж өг. Төрийн буруу шийдвэрээс болж иргэн хохирох ёсгүй. Энэ л зарчим. Тэгэхгүй бол Монголын төр худалч, хулгайч төр байснаа шууд “зэрэг нэмээд” дээрэмчин төр боллоо. Эхлээд “Анхны хийсэн худалдан авалт чинь хууль зөрчсөн байна” гэж нэг хэсэг давхисан. Дараа нь “Ерөөсөө худалдан авалт хийсэн мөнгөний эх үүсвэр тодорхойгүй байна, шалгахгүй бол болохгүй нь” нэг хэсэг далийсан. Тэгснээ “За за, 51:49-өөрөө явья, та нар ТУЗ-аа байгуулцгаа” гээд хамтарсан үйлдвэрийг дотоодын компани болгож өөрчилсөн. Одоо болохоор “Хэлцэл байхгүй шүү, худлаа яасан юмаа” гээд хэлээ гаргаад сууж байдаг. Төр юм бол төр шиг бай л даа. Ч.Сайханбилэгийн “яасан” дээр хэд хальтарч, хэд өнхрөх гэсэн юм бэ?

“Эрдэнэтийн 49 хувийг төрд авахаар “Ростех” сандраад арбирт луу явж гэнэ” энэ тэр гэдэг бол худлаа шүү. Очлоо гэхэд “Наад малуудаасаа дахиад 100 сая.ам доллар аваад өг, гэрээгээ зөрчсөний торгууль” л гэнэ биз. "Эрдэнэт" үйлдвэр дампуурна уу, байна уу, төр нь иднэ үү, дүлнэ үү тэдэнд хамаагүй. Тэртээ тэргүй Монголын нэр хүнд дэлхий зах зээл дээр дахиад өндийтлөө наян жил. Гэхдээ ядаж улс дотроо улс шиг байя л даа.

НИЙТЛЭЛЧ СЭМҮҮН
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш