Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2017.04.12) нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабаас баталсан төлөвлөгөөний дагуу энэ сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний хээрийн сургуулийн төвд явагдсан хээрийн сургуулилалтын үеэр гарсан осолтой холбогдуулан амь насаа алдсан цэргийн албан хаагчдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв.
Түүнчлэн осолд өртөн, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 8 цэргийн албан хаагчийн эмчилгээ, эрүүл мэндийн байдалд онцгой анхаарал хандуулан ажиллахыг Эрүүл мэндийн сайдад Улсын Их Хурлаас үүрэг болгосон юм. Тайван цагт дэлбэрэлт болж хүний амь нас эрсэдсэн энэ тохиолдол нь салбарын сахилга, хариуцлага сул байгаагийн илрэл хэмээн Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, осол гарах болсон шалтгаан, нөхцөлийг шуурхай тогтоон, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцож, зэвсэгт хүчний салбарын сахилга хариуцлагыг сайжруулахыг Батлан хамгаалахын сайдад Улсын Их Хурлаас үүрэг болголоо.