logo
Төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа

Төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа

2017/04/14

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.13) нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг гишүүдэд уншиж танилцуулан санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Төсвийн байнгын хорооны танилцуулгад дурдсанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналын дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зарлага болон  цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын жагсаалтаас нэмж санхүүжилт олгох шаардлагагүй, 719.6 сая төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 3 төсөл, арга хэмжээг хасч, өмнөх жилүүдэд олгосон санхүүжилтийн гүйцэтгэлийг үндэслэн 9 төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 2.339.3 сая төгрөгөөр бууруулан, эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын их засварын зардлын дүнг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож 14.300.0 сая төгрөгөөр бууруулснаар нийтдээ хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 2017 онд санхүүжүүлэх дүнг 17.961.7 сая төгрөгөөр хасч тооцжээ.

Дээрх өөрчлөлтүүдийг 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,035.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь, нийт зардал 8,750.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,714.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувь болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурсан байна.

Ингээд Монголын Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид, тэдгээрийн харьяа болон бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг хуулийн төслийн 3 дугаар зүйлд заасны дагуу, улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг хуулийн төслийн 5 дугаар зүйлд заасны дагуу тус тус баталлаа. Мөн “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус батлав.

Түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг нийт 132,183.7 сая төгрөг, төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 206,308.3 сая төгрөг байхаар тус тус баталсан юм. Харин 2017 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зардлын нийт хэмжээг 53,013.5 сая төгрөгөөр баталлаа.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 49 нь буюу 94.1 хувийн саналаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлав.

Дараа нь Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 46 нь буюу 90.2 хувь нь дэмжиж баталлаа. Ингэснээр Нийгмийн даатгалын санд 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 1,999,863.5 сая төгрөг, тус сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах нийт төсвийн хэмжээ 1,891,751.5 сая төгрөг байхаар тус тус батлагдлаа.

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд эцэслэн батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсэг, хууль тогтоомжийн төсөл дээр ажилласан бүх хүнд талархал илэрхийллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш