Дэлхийн хоёрдугаар дайны үе, Эх орон, тусгаар тогтнолын төлөөх дайны үргэлжлэл, дарийн утаа үнэртсэн тэртээх 1944 онд Монгол Улсад “Генерал” хэмээх цэрэг, цагдаагийн эрхэм дээд цолыг олгож эхэлжээ.
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1944 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор БНМАУ-ын Дотоод явдлын яамны Улсыг аюулаас сахиж хамгаалах “Хурандаа генерал”, “Дэслэгч генерал”, “Хошууч генерал” болон Улсын цагдан сэргийлэх “Хошууч генерал” цолыг тус тус бий болгож, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлөөс олгож байхаар журамласан байна.
Тухайн үед шинэ тутам батлагдан бий болсон Цагдан сэргийлэхийн “Хошууч генерал” цолыг хэн нэгэн алба хаагч хүртэж байгаагүй ч, Монголын цагдаагийн байгууллагыг удирдаж байсан Ж.Авхиа, Р.Гүнсэн, С.Бүдрагчаа, А.Думбурай, С.Дамдинсүрэн, О.Отгонжаргал, Б.Пүрэв, Ч.Амарболд, М.Ганболд, Д.Сандаг-Очир, Б.Билэгт нар болон цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд багтан алба хааж байсан Ж.Содном, Л.Гарамжил, М.Ганхүү, Т.Хүрэлбаатар А.Дулаанжаргал, нар тус тус цэргийн дээд “Генерал” цолыг хүртжээ.
Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулганаар батлагдсан “Цагдаагийн алба”-ны тухай Монгол Улсын Хуулийн “Цагдаагийн цол” олгох тухай 73 дугаар зүйлийн 73.1.1. дэх заалтад Цагдаагийн албаны дээд цол нь “Цагдаагийн генерал”, “Цагдаагийн дэслэгч генерал”, “Цагдаагийн хошууч генерал” байхаар баталсан нь өөрийн албаны бахархалт түүх, албаны онцлог байдал зэргийг харгалзан үзсэн маш чухал шинэчлэлт үйл хэрэг боллоо.