- Манай улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан танай намыг амлалтаасаа ухарсан шийдвэр гаргалаа гэж шүүмжлэх иргэд ч байна. Тодруулж хэлбэл, халамжийг танаж, татварыг нэмэгдүүлэх асуудал нийгэмд хүндээр тусч байгаа бололтой. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
- Нэгдүгээрт, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлага юу вэ гэдгийг ойлгох шаардлагатай. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувьтай байсан бол сүүлийн таван жилд тасралтгүй уруудаж 2016 онд 1.0 хувьтай, 2017 онд -0.2 хувь хүрч агшилт явагдаж байна. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухайн хуулиар төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар 2013 оноос зохицуулж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд макро эдийн засаг, төсөв санхүүгийн алдаатай бодлогын улмаас УИХ-ын хяналт, нэгдсэн бодлогогүйгээр төсвийн гадуурхи их хэмжээний зарцуулалтыг Засгийн газар болон Монголбанк, Хөгжлийн банкаар дамжуулан хийгдсэнээс 2016 онд төсвийн бодит алдагдал – 18 хувьд хүрсэн. Засгийн газрын өр их хэмжээгээр нэмэгдэж 2016 оны эцсээр -81.3 хувьд хүрч байв. Мөн төлбөрийн тэнцэл алдагдалтай байсны улмаас гадаад валютын нөөц шавхагдсан, валютын ханш огцом нэмэгдэж ард иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байсан. Энэ бүх бодлогын алдааг нэг жилийн хугацаанд засаад өргөс авсан мэт хурдан сайжрах боломжгүй дунд хугацаанд зөв бодлогыг тууштай баримталж байж өнөөгийн энэ хүндрэлтэй нөхцөлөөс гарах боломжтой юм.
- Тэгвэл та ямар боломжийг харж байна вэ. Өмнөх Засгийн газарт олдоогүй боломж байж болно биз дээ?
- Олон улсын зах зээлд өмнө гаргасан богино хугацаатай, арилжааны нөхцөлөөр авсан зээл, өр төлбөрүүдийн төлөгдөх хугацаа энэ оны гуравдугаар сараас эхлэх шаардлагатай байсан боловч өнөөгийн эдийн засгийн дотоод нөөц боломж маань ийм хэмжээний төлбөрийг хийх боломжгүй байсан. Тиймээс “ default“ зарлахгүйн тулд Засгийн газраас энэ хөтөлбөрт хамрагдах, улмаар ойрын 1-2 жилд эдийн засгийн уналтыг зогсоож, цаашдын өндөр өсөлтийн суурийг тавих, энэ хугацаанд улс орон нэн шаардлагатай байгаа санхүүжилтийн эх үүсвэрийг өндөр хүүтэй, арилжааны зээлээр бус харин ОУВС болон бусад донор орнуудын урт хугацаатай хоёр хүртэлх хувийн хүүтэй хөнгөлөллтэй зээл тусламжид хамрагдах замаар нийт 5.5 тэрбум хүртэлх ам. долларын санхүүжилтийг авч даван туулах зайлшгүй шаардлагатай байна. Хоёрдугаарт, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдснаар УИХ-аар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “ Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” –ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн сахилга батыг сайжруулж, тэнцвэртэй байдлыг хангах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах зорилтыг тавьж байна. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх татварын арга хэмжээнүүд нь аливаа бусад улс орон эдийн засаг, санхүүгийн хамралын үед авч хэрэгжүүлэхэд баримталдаг нийтлэг жишгийг харгалзан орлого өндөртэй, чинээлэг давхаргадаа татварын ачааллыг нэмэгдүүлэх, тансаг хэрэглээ болон нийгмийн эрүүл мэндэ сөргөөр нөлөөлж буй архи, тамхны хэрэглээнд татвар нэмж ногдуулах, бага орлоготой иргэдэд ачаалал нэмэгдүүлэхгүй байх бодлогыг баримталсан. Харин өнөөгийн нөхцөл байдал нь МАН-ын сонгуулийн хөтөлбөрт амласан нийгмийн хамгааллыг сайжруулах олон амлалтуулыг шууд хэрэгжүүлэх бодит боломжгүй байна. Тиймэээс хамгийн эхлээд эдийн засаг, төсөв санхүүгийн чадавхийг сайжруулах, 2018-2019 онд дээрх амлалтуудаа үе шаттай хэрэгжүүлэх боломжийг анхаарч ажиллах ёстой.
- Мега төслүүдийг яаж хөдөлгөх үү?
- Эхлээд хэрүүл, маргаанаа зогсоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бүгдээрээ бүх юмыг мэддэг байж, тэр мэдэмхийрлээ бусдад тулгадаг зуршлаа больмоор байгаа юм. Том төсөл бол нарийн тооцоо шаардсан зүйл. Гэтэл бид түүнийг маш хялбараар тайлбарлаж, нэг л их амархан зүйл мэтээр төсөөлдгийг зогсоомоор байна. Мэргэжлийн хүмүүсээр ажлыг нь хийлгээд, хугацааг нь өгөөд харин хариу, хариуцлагаа тооцоход бэлэн байвал үр дүн гарна.
- Тэгвэл дотоодын хөрөнгийн биржийг идэвхжүүлэхийн тулд яах ёстой вэ?
- Миний бодож байгаагаар юуны түрүүнд стратегийн ордуудынхаа 10 хувийг дотоодын хөрөнгийн бирж дээр гаргана гэсэн хуулийн заалтаа хэрэгжүүлж эхэлмээр байна. Энэ асуудал бол улс төрийн хэлэлцүүлгийн шатнаасаа гарч хууль болсон зүйл. Тиймээс одоо хэн нэгэнд таалагдах эсэхийг тандаж, болгоомжлон хүлээх шаардлагагүй, хууль учраас шууд л хэрэгжүүлээд явах боломжтой болсон асуудал. Монгол Улсын Ерөнхий сайд 1072 хувьцааг “амилуул” гэсэн үүрэг өгсөн байна билээ. Би дэмжиж байгаа. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн дөт арга дээрх хуулийг зүгээр л аваад хэрэгжүүлэх явдал байж мэдэх юм. 1072 хувьцаа чинь том Таван толгой төслийн 14 орчим хувьтай ч тэнцэж байна. Ингэвэл иргэд эдийн засгийн бүтээн байгуулалтад өргөн хүрээтэйгээр хамрагдах, оролцох боломжтой болно. Тиймээс энэ улсын эдийн засаг хэдхэн олигархи гэр бүлийн дангааршсан нөлөөллөөс ангижирна. Мөн улиг болтол яригдсан үнэт цаасны зах зээлээ хөгжүүлэх асуудал ч хөгжинө. Хөрөнгийн бирж дээр манай стратегийн ордуудын 10 хувь гарчих юм бол гадаадын томоохон хөрөнгө оруулагчид Монголд орж ирж ажиллах сонирхол илүү л болох байх.
- Яавал үнэт цаасны зах зээлийг эдийн засагт нөлөөлөхүйцээр яаж хөгжүүлэх вэ?
Тухайлбал, Эрдэнэс Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой байж болно. Сайн судалбал өөр төслүүд байж ч болно шүү дээ.
- Иргэдийн бизнесийн боловсролыг дээшлүүлэхийн тулд төрийн зүгээс ямар оролцоо байж болох вэ?
Бид иргэдийнхээ бизнес боловсролыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Бизнесийн талаарх мэдлэгийг бүр ерөнхий боловсролын системд суулгаад өгөх нь чухал. Хүнд загас өгөх биш, загас барих аргыг нь зааж өг гэдэг үг бий дээ. . Эдийн засаг хүндрэлээсээ гарч, өсөх замд ороход иргэд бизнесийн мэдлэгтэй болвол өөрсдийн амьдралд нь хэрэгтэй. Бүх хүн бизнес эрхлэгч болдоггүй юм гэхэд аль нэг хувийн аж ахуйн нэгжид ажилд орлоо гэхэд тухайн байгууллагынхаа бизнес үйл ажиллагаа, зохион байгуулалтыг ойлгодог байх нь ажлын үзүүлэлтэд нэмэртэй. л байх болов уу. Бизнес их эмзэг зүйл. Гаднын хөрөнгө оруулалт түүнээс илүү эмзэг . Тиймээс иргэдийг бизнесийн суурь мэдлэгтэй болгохын тулд хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах цаг үеийн зайлшгүй шаардлага байгаа юм. Хөрөнгө оруулалт гэхээр л томоохон санхүүгийн банкуудын хийдэг ажил гэж манайхан боддог. Гэтэл барууны орнуудад таксины жолооч нар ч хувьцаа авах тохиолдол элбэг. Ингээд өөрсдөө боломжийнхоо хэмжээнд сонирхсон төсөлдөө хөрөнгө оруулчихсан хүмүүс тухайн хувьцаагаа өсөөсэй гэж хүснэ. Аливаа хийрхэл уг хувьцааны үнэд нь сөргөөр нөлөөлнө. Тиймээс иргэд өөрсдөө аяндаа хийрхэлээс зайгаа барих болно. Мөн хувьцааг нь авсан бизнесийнхээ үйл ажиллагааг байнга сонирхож анхаарах нөхцөл байдал үүсч байгаа юм. Цаад утгаараа улс орны эдийн засгийг тогтвортой өсгөхөд маш хянуур, няхуур ханддаг болно. Үүний зэрэгцээ бизнесийн хөгжилд нийгэм өөрт байгаа нөөц хөрөнгийг бүрэн дайчлан ажиллах боломж бий болно гэсэн үг. Энэ нь эргээд эдийн засгийн өсөлтөд ихээхэн ач холбогдолтой.
- Таныг Барилга, хот байгуулалтын сайд байхад санаачлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна.Таны төлөвлөж байснаар энэ хөтөлбөр хэрэгжиж чадаж байна уу?
-“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг санаачлах болсон гол шалтгаан бол Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны нэг гол чиглэл, мөрийн хөтөлбөрт тусгагдсан нэг томоохон ажил бол хүн амыг орон сууцаар хангах, иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх явдал байдаг. Энэ зорилгоор Засгийн газраас орон сууцны ±8 хувийн хүүтэй орон хугацааны ипотекийн зээлийг санаачлан явуулсан ч иргэдийн урьдчилгаа төлбөр, арилжааны банкны зээлийн нөхцөл шалгуур, шаардлагыг хангах боломж дундаж орлоготой, өрхийн орлогоороо тухайн сарынхаа амьдралыг зохицуулаад явж байгаа нийгмийн тодорхой хэсгийн хэрэгцээг хангах боломжгүй нөхцөл байдал үүсээд байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? гэдгийг бодож эхэлсэн бөгөөд боломжит, үр дүнтэй арга нь түрээсийн орон сууцыг төрөөс хэрэгжүүлж, нийгмийн тодорхой хэсгийн хэрэгцээг хангах ёстой юм гэж үзсэнээс тус хөтөлбөр анх гарч байлаа.
Одоогоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр улсын хэмжээнд 1512 орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлж, иргэдэд хуваарилаад байгаа гэвэл маш бодитой, үр дүнтэй байна гэж ойлгож байна. Харин цаашид түрээсийн орон сууцны менежментийг илүү оновчтой зохион байгуулж, хэрэгжүүлж буй байгууллагадаа алдагдалгүй, иргэддээ хүндрэлгүй байлгах тэр тогтолцоог бодлогоор дэмжих нь зүйтэй.
- Гэхдээ ард иргэдийг хамруулах, барилгын компаниудтайгаа тохиролцох тал дээр тийм ч хангалттай биш байх шиг санагддаг?
- Улсын хэмжээнд нэг жил гаруйн хугацаанд нийтдээ 1512 орон сууц түрээсийн орон сууцны санд шилсжэн гэдэг бол том тоо, том ажил гэж харж байна. Үүнийг зохион байгуулах гэдэг бол ярвигтай төдийгүй цаг хугацаа шаардсан ажил. Гэсэн хэдий ч бодит үр дүн гараад эхэлсэн гэдэг нь сайшаалтай. Монгол Улсын хэмжээнд, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны иргэдийн орон сууцны хэрэгцээ шаардлагыг хангана, хүсэл шаардлагад нь нийцсэн орон сууц нийлүүлнэ гэвэл энэ урт хугацаа шаардлагатай. Бүх иргэдийг хамруулах ажил нэг зэрэг хангагдах ёстой гэж дүгнэж байвал хангалттай биш байж болох ч, бүх зүйл тодорхой шат дараагаар хэрэгжиж, үр дүнд хүрнэ гэвэл бас хангалттай. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг цаашид эрчимтэй үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзээд Засгийн газраас хувийн хэвшлийнхэнтэй, хувийн компаниудтай ярилцах шаардлага бас байгаа, энэ ажил бас дутагдалтай байгааг үгүйсгэхгүй ээ.
- “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах арга, зарчим ямар байвал болох вэ. Одоо шалгаруулж байгаа тэр үйл ажиллагаатай нь хэр санал нийлж байна вэ?
- “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт бага, дунд орлоготой иргэд хамрагдах боломжтой бөгөөд тэдгээр иргэд нь орон сууцны төлбөрөө бэлнээр, эсвэл урьдчилгаа төлбөрөө төлж, арилжааны банкны зээлд хамрагдах боломжгүй ахмад настан, залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрх толгойлсон болон олон хүүхэд гэр бүл гэх мэт нийгмийн бүхий л давхаргаас хамрагдахаар зохицуулсан. Эдгээр хүмүүст орлогын болон бусад зайлшгүй шаардлагатай шалгуур тавиад, бүртгэл хийхэд төрийн өмчийн түрээсийн санд шилжүүлсэн орон сууцнаасаа багаар бодоход 10 дахин их хэмжээний хүн шалгуур нөхцөлийг нь хангаад, материал бүрдүүлээд ирдэг. Жишэлбэл Түрээсийн орон сууцанд шилжүүлж буй орон сууцны тоо нь 220 байхад түүнд орох хүсэлтэй иргэд нь 2000 байх жишээтэй. Тэдгээр бүх иргэд нь орлогын болон бусад шаардлагыг хангасан хүмүүс байгаад байдаг, нэмэлт шалгуур тавих гэхээр алаг үзсэн болох гээд байдаг, дахиад орлогоор нь эрэмблэе гэхээр бага, дунд орлоготой гэдэг зорилтоосоо хазайчих гээд байдаг. Тэгэхээр шаардлага хангасан иргэд дотроосоо сугалаа зохион байгуулах нь зөв гээд эхний түрээсийн орон сууцнуудыг сугалаагаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл ард иргэдийн дунд сугалаа бол тийм ил тод, шударга арга биш байнаа гээд гомдол гарч эхэлсэн. БХБЯ-аас сугалагаар зохион байгуулах боломжгүй бол өөр ямар шалгаруулалт байж болох вэ? гээд судалж, хэрэгжүүлэгч байгууллага, тодорхой байгууллагуудаас санал сонсоход эрэмбэлэх нь илүү оновчтой, маргаантай, гомдолтой байвал эрэмбэлсэн үзүүлэлт нь тодорхой учраас шийдэл нь тодорхой гэж үзсэн. Ингээд түрээст хамрагдахаар материал бүрдүүлж, шаардлага хангасан иргэдийг дараах байдлаар эрэмбэлэх нь зөв байна гэж үзсэн. Энэ нь ард түмэнд ч илүү бодитой, шударга санагдсан гэдгийг хэрэгжүүлж байгууллага нь хэлж байсан.
- Намрын чуулганаар хэлэлцэж баталсан хуулиуд болон хаврын чуулганд оруулж ирж байгаа төслүүдийн талаар санал бодлоо хуваалцахгүй юү?
2016 оны УИХ-ын Намрын чуулганы хугацаанд 2017 оны улсын төсөв, эдийн засгийг сэргээх хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл болон зайлшгүй шаардлагатай бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж ажиллалаа. Мөн 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталсан бөгөөд Үндсэн чиглэлд тусгаснаар УИХ 2020 он хүртэл нийт 201 хууль 12 тогтоол хэлэлцэж батлахаар байна. Намрын ээлжит чуулганаар бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 3 хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталсан .Эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг нь хангах зорилгоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталсан. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлийг сэргээх, Засгийн газрын авсан зээлийн зардлыг бууруулах, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрчимжүүлэх арга хэмжээг уг хөтөлбөрт тусгасан. Хөтөлбөрт тусгасан томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр экспорт нэмэгдэж, 2019 онд 4.9 тэрбум ам.долларт хүрэх, импорт 4.4 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.3 тэрбум ам.долларт, Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 1.7-2.0 тэрбум ам.долларт хүрч өсөх эерэг үр дүн гарах юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2017 онд 3.0, 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувьд хүрнэ гэж тооцож байна. 2010 оноос хойш шийдэгдэлгүй 7 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад шимтгэл төлж ажилласан 1 жилийг, 6 сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, цэргийн тэтгэвэр тогтоолгох боломжийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар бүрдүүлж шийдсэн. Энэ хаврын чуулганаар хэд хэдэн чухал хуулиуд орж ирж байгаа. Тухайлбал, Иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, өөрчлөх асуудлаар удаа дараа санал гаргаж, хэлэлцүүлэг өрнүүлсээр байна. УИХ, Засгийн газрын түвшинд байгуулагдсан Ажлын хэсгүүдэд ирсэн саналаас үзвэл Монгол Улсын иргэдийн дийлэнх олонхи нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс хаврын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ асуудалд “Долоо хэмжиж, нэг огтлох” монгол ухаанаар нэн хариуцлагатай, хянамгай хандах ёстой.
- Оюутолгой, Тавантолгойн хувьцаа гаргах нь зүйтэй гэсэн санааг та хэлж байна. Энэ талаараа тодруулахгүй юү. Эдийн засгийн аврах том гарц гэж харж болох уу. Иргэдийн бизнесийн боловсролыг дэмжих, тэдэнд мэдлэг өгөх үүднээс ямар ажил хийвэл зохистой вэ?
–МАН томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо эдийн засгийг өөд нь татаж хөгжүүлэхийн зэрэгцээ ард иргэддээ хувьцаа тарааж, энэ том төслүүдийн үр шимээс хүртээх нь шудрага явдал болно гэж үздэг. Мэдээж, энэ том төслүүдийг үр ашигтай ажиллуулж орлогыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх ихээхэн чухал санхүүгийн эх үүсвэр болно. Одоогийн байдлаар “Эрдэнэс Таван Толгой” компани Монголын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж, энэ жилээс эхлэн төлөвлөгөөний дагуу жил болгон ашигтай ажиллах төлөвтэй байна. Харин түүхий эдийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс хамаарал багатай байхын тулд бид зэс, нүүрс гэх мэт түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал энэ төслүүдээс хувьцаа гаргаж ард түмэнд хүртээхэд илүү үр дүн гарах боломжтой юм. Ард иргэдэд ингэж эх орныхоо баялгаас хувь хүртээхгүй бол шудрага бус явдал болно гэж бодож байна. Энэ талаар Засгийн газар зарим ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван Толгой” компани Сангийн яамтай хамтарч иргэдийн 1072 хувьцааны бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд холбогдох шийдвэрийг хоёрдугаар улиралд багтаан гаргахаар ажиллаж байна. Үүний үр дүнд иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 хувьцааны ноогдол ашгийг 2018 оноос эхлэн жил болгон хүртээх боломжтой болно. Мөн Засгийн газар “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах, хөрөнгө татах тухай тогтоолуудыг гаргаж, холбогдох чиг үүргийг өгсөн байна. Энэ ажлууд ирэх онд бодит ажил болох үндэс суурь бүрэн тавигдана гэж харж байна.
- Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
М.МӨНГӨНЦЭЦЭГ