logo
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв нэгдэл гээд алдааг өөгшүүлээд сууж таарахгүй

Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв нэгдэл гээд алдааг өөгшүүлээд сууж таарахгүй

2017/05/03

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ 27 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ төлөө энэ өдөр сэтгүүлчид нэгдэж нягтардаг. Жил бүрийн 5 сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас  уриалга гаргадаг бөгөөд  2017 онд “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь” гэсэн уриалгыг гаргажээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн босгон дээр Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүүтэй уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө танд Дэлхийн  хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Танай холбооны зүгээс энэ өдрийг тохиолдуулан ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Баярлалаа. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн гол зорилго нь чөлөөт хэвлэлийн үзэл санаа, зарчмыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд оршдог. Мөн энэ өдөр албан үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. Хэдийгээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Монгол Улсад 1993 оноос хойш тэмдэглэж байгаа ч иргэд маань энэ өдрийг сэтгүүлчдийн, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын баяр гэж ойлгодог. “Хэвлэлийн эрх чөлөө...” гээд ярихаар сэтгүүлчдийн эрх чөлөө гэж өрөөсгөл  ойлгодог байдал хэвээрээ үргэлжилсээр байна. Тиймээс Монголын сайтын холбоо энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг нийлж нэгдэж баярлаж, наргиж цэнгэх бус харин ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн төлөө сургалт зохион байгуулж тэмдэглэхээр шийдсэн.

Тиймээс Монголын Сайтын холбоо санаачилга гаргаж,  Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб Интернэшнл төвтэй хамтран “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалтыг 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Хэвлэлийн эрх чөлөөнд халдах, иргэдийн мэдэх эрхэд нөлөөлөх, элдэв хяналт цензур тогтоохыг оролдож байгаа энэ цаг үед маш үр дүнтэй сургалт боллоо гэж бид үзэж байгаа. Энэхүү сургалтыг “Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага”, “Хэвлэл мэдээллийн ёс зүй”, “Сэтгүүлчийн аюулгүй байдал” гэсэн гурван багц, найман сэдвийн хүрээнд зохион байгуулсан.  “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сургалтыг Глоб Интернэшнл төвийн тэргүүн, ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Үндэсний Хорооны дарга Х.Наранжаргал, НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газрын мэргэжилтэн А.Цэцэгмаа, Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, МСНЭ-ийн Сургалт судалгааны үндэсний төвийн тэргүүн, МУБИС-ийн багш, доктор Ж.Батбаатар, Глоб Интернэшнл төвийн сайн дурын ажилтан Брүүк Даниелс, Монголын Кибер довтолгоотой тэмцэх төвийн тэргүүн Т.Халтар, хуульч, судлаач Л.Галбаатар тэргүүтэй хүмүүс удирдан явуулсан байгаа.

-Монголын сайтын холбооноос санаачлан “Сэтгүүлзүй ба оюуны өмч” Үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулсан. Оюуны өмчтэй холбоотой асуудал үнэхээр Үндэсний хэмжээнд гаргаж тавих хүндрэлтэй асуудал болсон гэж ойлгож болох уу?

- Оюуны өмчтэй холбоотой асуудал үнэхээр хурцаар тавигдаж байгаа. Монгол Улс Оюуны өмчийг хамгаалсан том хуультай орон. Энэ хуулиар сэтгүүл зүйн бүтээлүүд, гэрэл зураг, дуу, дүрс бичлэг хамгаалагдаж байх учиртай. Гэтэл хэн дуртай хүн нь хуулбарлаж авдаг, ямар ч зохиогчийн зөвшөөрөлгүйгээр нийтэлж нэвтрүүлдэг байдал газар авч байгаа нь нууц биш шүү дээ. Үүний гол хохирогч нь эргээд үзэгч, сонсогч, уншигчид байдаг.

-Оюуны өмчийн хулгайтай холбоотой, мэдээ, мэдээлэл хуулбарладаг тухай асуудал ярихаар сэтгүүлчид, сэтгүүлчдийнхээ эсрэг зүйл ярьж байгаа юм шиг ойлгодог?

 - Бид эв нэгдэл гэж би биенийхээ алдааг өөгшүүлээд сууж таарахгүй. Яалт ч үгүй хууль зөрчсөн, бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн оюуны өмчийн тухай хууль тогтоомж зөрсөн асуудлыг хэн нэг нь дэлгэж гаргаж тавихаас өөр  аргагүй. Монголын сайтын холбооны хувьд цахим сэтгүүл зүйн ууган байгууллага. Манай холбоо дүрмийнхээ дагуу өнгөрсөн нэгдүгээр сард чуулганаа хийж, удирдлагын багаа шинээр сонгож, үйл ажиллагаагаа явуулж байна. 2017 онд хийх ажлуудаа төлөвлөж, төлөвлөгөөгөө гаргаж, Удирдах зөвлөлийнхөө хурлаар баталсан. Бид 2017 онд бид оюуны өмчийн зөрчилтэй тэмцэх, сэтгүүлчид сайтын редакциудаа чадавхижуулах, сургах, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг олон зорилт тавьсан. Энэ хүрээнд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар,  Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран “Оюуны өмч ба цахим сэтгүүл зүй” сургалтыг зохион байгуулсан.

Мөн үүний дараа Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Сайтын холбоо хамтран “Сэтгүүлзүй ба оюуны өмч” Үндэсний хэлэлцүүлгийг  амжилттай зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт маань  хэвлэл мэдээллийн салбарынхан, тэдний эрх ашгийг хамгаалан ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудаас гадна Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагууд оролцож, зохиогчийн эрхийг хамгаалах, сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийн хөдөлмөрийг үнэлэх, мэдээ, мэдээллийн хулгайтай тэмцэх, үзэгч, сонсогч, уншигчаа дээдлэн ажиллах тунхаг тунхаг бичгийг “СЭТГҮҮЛ ЗҮЙ БА ОЮУНЫ ӨМЧ” нэртэйгээр гаргасан. Энэ тунхагт сонин хэвлэл, радио телевиз, гэрэл зурагчид гээд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л хэвлэл мэдээллийн байгууллага, тэдний эрх ашгийг хамгаалж ажилладаг төрийн бус байгууллагууд нэгдэж байгаад баяртай байна. Монголын сэтгүүлчид анх удаагаа нэгдэж, нягтарч, оюуны өмч, сэтгүүл зүйн бүтээлийг хамгаалах, сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэгүйдүүлэх байдалтай тэмцэх санал санаачилга гаргаж, анх удаа энэ хүрээнд Тунхаг бичиг гаргасан. Энэ бол том амжилт.

 -Та саяхан Дэлхийн сэтгүүлчдийн бага хуралд оролцоод ирсэн. Энэ хурлын үеэр ямар асуудлыг голцлон хэлэлцсэн бэ?

-БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооноос санаачлан хоёр дахь жилдээ Дэлхийн сэтгүүлчдийн бага хурлыг  /World Journalist conference/-ыг  өнгөрсөн дөрөвдүгээр сард Сөүл хотноо зохион байгуулсан. Энэ хуралд Монголын сайтуудыг төлөөлөн Монголын сайтын холбооны сургалт, гишүүнчлэл хариуцсан дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхбаатартай  оролцоод ирлээ.  Энэ удаа “Дэлхий дахины энхтайвны үйлс дэх хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг” сэдвийн дор 55 улсын 90 гаруй сэтгүүлчид нэгдэж, санал бодлоо солилцсон. Сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжил, улс орны аюулгүй байдал, иргэдийн ухамсарыг дээшлүүлэх ажилд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх санал санаачилга маш их гарч байгаа. Сэтгүүл зүйн мэдээлэх, танин мэдүүлэх зэрэг үүргүүдээс гадна нийгмийг ухуулан сэнхрүүлэх, аливаа эерэг хандлагыг тогтооход тодорхой үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байгаа.  Энэ жил Нэгдсэн Үндэстний Байгууллагаас  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний  өдрийг “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь” гэсэн уриалга гаргасан. Энэ уриалга ч гэсэн  дээрх үзэл баримтлалын хүрээнд гарсан уриалга.

-Та түрүүн Монголын сайтын холбоо гадаад харилцаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэж ярьсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

-Монголын сайтын холбоо БНСУ, БНХАУ, ОХУ-ын сэтгүүлчдийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж байна. ОХУ-ын Эрхүү хотын захиргаа, ОХУ-ын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Эрхүү хотын салбар зөвлөлтэй хамтран 2017 оны 04 сарын 27-28-ны өдрүүдэд Эрхүү хотод “Иркутский меридиан” нэртэй медиа форумыг зохион байгууллаа. Эрхүүгийн Их сургууль болон Аист телевизийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллахаар болсон. Тухайлбал, Монголын Сайтын Холбооны шугамаар Эрхүүгийн Их сургуульд сэтгүүлчийн мэргэжил эзэмших, магистрантур, аспирантурт оюутан суралцуулах асуудлыг нааштайгаар шийдвэрүүлсэн. Тус сургуулийн зүгээс Монголын сайтын холбооны гишүүн сайтын сэтгүүлчдийг хөнгөлөлттэй үнээр сургах, орон байраар хангахад дэмжлэг үзүүлж байгаа. Мөн үүний зэрэгцээ  25 жилийн ойгоо  тэмдэглэж байгаа “Аист” телевизтэй Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд хамтран ажиллах,  мэдээ, мэдээлэл болон видео контент бэлтгэж,  харилцан солилцохоор тохирсон.

-Цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа сайтуудын нэр хүнд төдийлөн сайн биш байна. Худал мэдээлэл тараадаг, хэт нэг талыг барьдаг гэсэн шүүмжлэл их бий. Энэ талаар та ямар хариулт өгөх вэ?

-Цахим сэтгүүл зүй Монголд дөнгөж л хөгжиж эхэлж байна. Сайтууд маань санхүү эдийн засгийн хувьд бэхжээгүй, техник технологийн хувьд хүндрэлтэй, сэтгүүлчдийн мэргэжил мэдлэг сайн биш байгаа. Тиймээс бид мэргэших, ёс зүйтэй байх талаар байнга ярьж, цуврал сургалтууд зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ цахим сэтгүүл зүйтэй зэрэгцэн цахим бизнес гэж бас бий. Хэний ч үл мэдэх сайтын нэртэй, олны танил нэр хүндтэй хүнийг таалал төгссөн мэтээр бичдэг. Иргэд гайхаж сандарч орж үздэг. Үнэндээ энэ бүхний ард лайк даруулах, хандалт авах бохир арга байдаг. Тйимээс цахим орчинд явж байгаа бохир бизнесийг цахим сэтгүүл зүйгээс ялгаж салгах цаг ч болсон. Монголын сайтын холбооны зүгээс иргэдийг төөрөгдүүлдэг, элдэв худал мэдээлэл тарааж, хандалт авдаг иймэрхүү зүйлүүдтэй тэмцэж ажиллана. Тэднийг холбогдох хууль хяналтын байгууллагад өгч, асуудлыг шийдвэрлүүлэх болно.

-Саяхан Зөрчлийн тухай хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагыг 100 саяр, иргэн хүнийг 10 саяар торгох тухай асуудал яригдсан. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагынхан бүгд эсэргүүцэж байгаа. Танай холбоо ч бас энэ хуулийг эсэргүүцэж, сайтууд нүүр хуудсаа харлуулж, энэ тэмцэлд нэгдсэн?

-Иргэдийн мэдэх эрхэнд ноцтойгоор халдах хуулийн зүйл, заалтыг гаргаж тавьсанд үнэхээр харамсаж байна. Монгол улс 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсан. Тэр хуулинд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд  цензур тавих  бүх хэлбэрийг хориглож өгсөн. Зөрчлийн хууль өөрөө Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа. Сошиал орчинд ч хамаатай энэ заалт хэвлэлийг цензурдах, иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж байгаа. Өндөр үнийн дүнтэй торгуулийн ялтай хууль батална гэдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлдчээс гадна үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэсэн иргэнийг айлган сүрдүүлж, эдийн засгийн цензур тавьж байна гэсэн үг. 

Монгол орон хэр ардчилсан улс болохыг дэлхий нийтэд харуулж байдаг нэг үнэлгээ хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байдаг. Монгол улс хэвлэлийн хагас эрх чөлөөт орны тоонд ордог. Гэтэл хагас эрх чөлөөг хумих оролдлого удаа дараа гарч байгаад харамсаж байна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш