logo
Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид туслах хөдөлгөөн өрнүүлсэн нь

Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид туслах хөдөлгөөн өрнүүлсэн нь

2017/05/08

Хүн төрөлхтөний түүхэнд өнгөрсөн ХХ зуун багагүй гай гамшиг учруулсан дэлхийн хоёр том дайн болсон билээ. Тэрхүү хоёр дайнаас  дэлхийн II дайн дэлхийн улс төрийн газрын зургийг өөрчилсөн, Монгол Улсын тусгаар тогтнолд нөлөөлсөн байдлаараа түүхэн үйл явдал байв. Дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая хүн цэрэгт татагдан оролцсон юм. Дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан бөгөөд энэ тоог өнөө болтол эцэслэн тогтоож чадаагүй байна.

Энэхүү II дайны нэг том хэсэг нь Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайн билээ. Эл дайн нь ОХУ болон Монгол Улсын түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, хоёр орны ард түмний найрамдлын нэгэн алтан хуудас болон мөнхөрсөн юм.  Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсанаас Улаан армийн нийт хохирол 11,9 сая (6,8 сая хүн амь үрэгдэж, 4,6 сая хүн сураггүй болж, олзлогдсон) болжээ. Дайны жилүүдэд зөвлөлтийн 34,5 сая цэргийн албан хаагч дайчлагдан дайнд оролцсон байна. Дайнд 13,7 сая энгийн хүн амь үрэгдсэнээс 7,4 саяыг нь булаан эзлэгчид зориуд хөнөөж, 2,2 сая хүн Германд хүнд хүчир ажил хийж яваад амь үрэгдэж, булаан эзэлсэн нутагт 4,1 сая хүн  өлсгөлөнгөөр нас баржээ. Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй  тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтрал, 2890 машин-тракторын  станцыг дээрэмдсэний улмаас учирсан  хохирлын нийт өртөг 128 (зарим баримтад 450 тэрбум гэдэг) тэрбум доллар болсон байна.

Монголын ард түмэн энэ дайнд шууд гар бие оролцоогүй ч Монгол Улсын хөгжил, дэвшил, тусгаар тогтнолыг ЗХУ-тай шууд холбон үзэж байсны хувьд дайн эхэлсэн өдрөөс Гитлерийн Германы эсрэг Зөвлөлтийн ард түмний хийж буй ариун тэмцэлд нэгдэн орсон юм. Зөвлөлтийн ард түмний эх орны аугаа их дайн эхэлсэн тэр өдөр 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын СнЗ-ийн хамтарсан хурал болж ЗХУ-д Гитлерийн Герман халдан довтолсныг эрс жигшин эсэргүүцэж байгаагаа мэдэгдэхийн хамт Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмэнтэй гар гараасаа барилцан явж, Монгол-Зөвлөлтийн 1936 оны харилцан туслах протокол гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхэд бэлхэн байгаагаа илэрхийлээд, ЗХУ-д бүх бололцоогоор туслахыг ард түмэндээ уриалсан юм.


Маргааш өдөр нь буюу зургаадугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын өргөн чөлөөнд нийслэлийн иргэдийн цуглаан болж, Зөвлөлтийн ард түмэн, улаан армид “өөрсдийн хэр чинээгээр тусламжийг үзүүлэхэд бэлхэн” гэдгээ илэрхийлж байв.

Ийнхүү Монгол Улс эх орны дайны үед ЗХУ-ын талд баттай зогсож, фашизмын эсрэг эвсэлд оролцох байр сууриа дэлхий дахинд эн тэргүүнд албан ёсоор зарласан анхны улсын нэг болжээ.

Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг энэ цаг үеэс эхлэн олон хэлбэрээр өрнүүлж, “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч эхэлсэн юм. Энэхүү тусламжийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, үзэл суртлын хүрээгээр тодорхойлж болох ба хэлбэрийн хувьд хүнс, хувцас, агт морь, мал, мөнгө төгрөг, алт үнэт эдлэл, зэвсэг техникээр туслах зэрэг биет тусламж, захидал илэрхийлэлт бичих, тус улсад амьдарч буй Зөвлөлтийн иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгож байсан гэх зэргээр сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн хэмээн ангилан үзэж болно.

Дайн эхэлсэн тэр үеэс үйлдвэрийн ажилчид төлөвлөгөөгөө 400 хувиас доошгүйгээр давуулан биелүүлэх, ээлжийн амралтаа авахгүй ажиллах, өдөр бүр 2-5 цаг илүү ажиллах, амралтын өдрөөр ажиллан Улаан армид туслах хөрөнгө хуримтлуулах санаачилга гаргасныг бүх л үйлдвэрийн ажилчид дэмжин амралтын өдрүүдэд ажиллах явдал улмаар нийтлэг үзэгдэл болжээ. Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөн ажилчин, малчин, сэхээтэн, цэргийн алба хаагчид болон өндөр настан, сургуулийн сурагчид, үндсэндээ Монголын нийгмийн бүх л давхаргын дунд аяндаа, сайн дураар үүсэн олон түмнийг хамрах болов. Түүнчлэн ард олноос фронтод мөнгөн тусламж үзүүлэх санаачилга гаргах болжээ.

Ард түмний дунд ийм хөдөлгөөн өрнөсөнтэй холбогдуулж Ардын Сайд нарын Зөвлөлийн 1941 оны есдүгээр сарын 6-ны өдрийн хурлын тогтоолоор Улаан армид зориулсан “бэлгүүдийг хүлээн авах ажлыг зохиох, уул бэлгүүдийг улмаар хүрүүлэн явуулах” эрхлэн зохион байгуулах “Бэлэглэлийн төв комисс” байгуулагдаж, даргаар нь жанжин Д.Сүхбаатар агсны гэргий, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга С.Янжмааг томилон ажиллуулжээ. Энэ комиссын салбарууд аймаг, сум, үйлдвэр, албан газруудад мөн байгуулагдав. Тус комиссын үндсэн ажил нь Зөвлөлтийн улаан армид зориулж бэлэг бэлтгэх явдал байсан бөгөөд ард түмнээс цугларсан бэлгийг тусгай цуваа болгож илгээж байв.

1941 оны ХI сард Улаан армид зориулан  монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээв. Түүнд багтсан зүйлийг Аж үйлдвэрийн комбинат, Үйлдвэрийн хоршооллын ажилчид 1941 оны төлөвлөгөөнөөс  гадуур, илүү цагаар  буюу ням гариг, ээлжийн амралтаараа ажиллан  бүтээсэн бөгөөд нийт 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440  нэхий хөнжил зэргийг илгээжээ. Энэ нь тухайн үеийн ханшаар 587.000 төгрөгийн үнэ бүхий зүйл байжээ.

Анхны энэ цуваа нь чухам хэдэн вагоноос бүрдсэн тухай баримт хараахан олдоогүй бөгөөд бэлгийг Куйбешев хот руу илгээсэн байна. Цувааг хүлээлгэн өгөхөөр Монголын талаас албан ёсны төлөөлөгч томилогдоогүй ажээ.

Зөвлөлтийн Улаан армийн 24 жилийн ойг тохиолдуулан 1942 оны хоёрдугаар сард бэлгийн хоёр дахь цувааг илгээв. Энэхүү цувааг  БНМАУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч С.Лувсан, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Бэлэглэлийн төв комиссын дарга С.Янжмаа, МАХЦ-ийн хошууч (өдгөө Монгол Улсын баатар) П.Шагдарсүрэн, яруу найрагч Л.Цэнд-Очир, сайн малчин Б.Пунцаг, партизан Д.Дамба, ажилчин Баасан, БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа элчин сайд Ж.Самбуу  нарын арваад хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид армийн генерал Г.К.Жуковын командалсан Баруун фронтын 49 дүгээр армийн их бууны ба буудлагын дивиз, хороодын дайчдад гардуулан өгчээ.  Гучин долоон  вагон тэрхүү бэлгийн цуваанд 148  тн 100 кг төрөл бүрийн  мах  8 тн хиам, 10 тн  төрөл бүрийн боов боорцог,  4,5 тн  тос,  8000 литр архи хийгээд  5,5 сая  ширхэг папирос, 2750 хос эсгий гутал, 2706 дах,  4100 дулаан хантааз, 1320 богино нэхий  дээл, 6290 хос бээлий, 4500 гэрийн эсгий, 2000 суран бүс болоод савхин гутал, хүзүүний ороолт, хөвөнтэй хувцас, чихэр, лаазтай сүү багтжээ.  Түүний үнийн дүн нь 7,187,140 төгрөг болжээ.


1942 онд Октябрийн хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан бэлэглэлийн  гурав дахь  цувааг   мөн оны   арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Наушкаас хөдөлгөн БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн ахалсан нам, улс олон нийтийн байгууллагын зүтгэлтэн, аж үйлдвэр, соёл шинжлэх ухааны  ажилчин, ажилтан 40-өөд хүнтэй төлөөлөгчдийн  томоохон   бүрэлдэхүүн хүргэжээ. Монголын ард түмний  чин сэтгэл, цаг наргүй хөдөлмөрөөр бүтсэн нийт   236  вагон тэрхүү бэлгийн зүйлст:  богино нэхий дээл 30115, эсгий гутал 30500 хос, үстэй бээлий 31257, үстэй хантааз 31090, цэрэг бүс 33300, ноосон цамц 2290, нэхий хөнжил 2011, дах 3050, эсгий гэр 150, гэрийн эсгий 2428, бусад гутал (үстэй сөөхий, цагаан ултай) 2575 хос, эмнэлгийн шаахай 7158 хос, казах  эмээл 600; мах 316 тонн,  зээр 26758 ширхэг,  тос 92 тонн, хиам 84,8 тн, чанамал жимс 12954 кг, чихэр З6900 кг, печень боовны зүйл 70400 кг, эдийн саван 50600 кг оролцсоноос гадна; савхин дээл 150, торгон савхин гутал 150 хос, ажлын савхин гутал З00 хос, цаначны малгай  900, цагаан архи 480 хайрцаг, бичгийн дугтуй 56050, өврийн дэвтэр 27875, нийтийн бэлэглэл 127 авдар, хувийн бэлэглэл  22176, мөн цаг, хутга зэрэг хүний хэрэглээний маш олон төрлийн зүйлс багтжээ.  Бэлгийн нийт үнэ нь 9,252,340 төгрөг болжээ.

Энэхүү цуваа нь дайны  үед  явуулсан цуваануудын дотроос томоохонд орох бөгөөд Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд,  Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын жанжин Ч.Мижид, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав нараар толгойлуулсан 4 хэсэгт хуваан Баруун, Баруун хойд, Волоховын ба Калинины фронтод гардуулан өгчээ.

Улаан армийн 25 жилийн ойд  зориулсан бэлгийн ээлжит  дөрөв дэх удаагийн цувааг  1943  оны гуравдугаар сарын 1-нд явуулжээ.  МАХН-ын Төв Хорооны  Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын ахалсан энэхүү цуваанд: 12 000 хос эсгий гутал, 12000 хос савхин гутал, З000 хос ботинк, нисэгч нарын гутал 500 хос, шаахай 1000 хос, 10 000 шинель, 3066  хөвөнтэй өмд  цамц, морин цэргийн эмээл 1000, цэрэг бүс  10500, эсгий гэр 38, унадаг дугуй 628 ба зүйл бүрийн хувцас, хөнжил, сахлын машин, хутга, тамхи оролцуулсан 132 ширхэг бэлэг;  нийт 205 тн хүнсний зүйл (цөцгийн тос 68 тн, хиам 80 тн, чихэр боовны зүйл  65 тн), зээр 16745,  зэрлэг гахай 715, ятуу 18985, саван 30 тн, улаан архи 33 торх зэргээс гадна хувийн бэлэг 16973-ийг тус тус явуулсан бөгөөд 110 вагон бүхий цувааг хоёр хэсэгт хуваан  зохион байгуулж, Ю.Цэдэнбал ба  БНМАУ-ын Цэргийн явдлын яамны сайдын орлогч, корпус командлан захирагч Ж.Лхагвасүрэн нараар удирдуулсан, тус бүрдээ арваад хүнтэй төлөөлөгчдийн хэсэг Баруун фронтын 20, 61 дүгээр армийн дивиз, Москвагийн ойролцоох алсын нислэгийн  хүнд бөмбөгдөгч онгоцны  гвардийн 1 дүгээр дивиз, Төв фронтын танкийн армийн анги, нэгтгэлүүдэд гардуулжээ.

Тав дахь удаагийн бэлгийн цувааг 1943 оны арваннэгдүгээр сарын эхээр Зөвлөлтийн улаан армид илгээжээ. Бэлгийн цувааг БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч Б.Ламжав, Н.Жагварал нарын  арав шахам хүнтэй төлөөлөгчид фронтод хүргэсэн ажээ. Уг цуваа нь 32 вагоноос бүрдсэн бөгөөд түүнд цэргийн богино нэхий дээл, шинель, үстэй хантааз тус бүр 1200 ширхэг, эсгий болон савхин гутал, үстэй бээлий тус бүр 1200 хос, хүнсний зүйл үхэр, хонины мах 58 тн, зээрийн мах 44 тн, гахайн мах 15,6 тн, хиам 15,9 тн, цөцгийн тос 15,6 тн, нарийн боов 13,1 тн, 4000 орчим хувийн бэлэг багтжээ.

Зургаа дахь удаагийн бэлгийн цуваа нь 1945 оны нэгдүгээр сард фронтод хүрсэн бөгөөд түүнд эсгий  гутал 31 000, янз бүрийн савхин гутал 1600, цэрэг нэхий дээл 20 000, шинель  2000, ямаан дах 1010, дарга цэргийн суран бүс 22000, үстэй хөнжил 870, эмнэлгийн шаахай 3000, хүзүүний ороолт  2000, ноосон бээлий 2486, гэр 6, эсгий 5408 метр, эдийн саван, махор тамхи 83 гаруй тн, малын ба гахайн мах 158 тн, колбас, шар тос, чанамал жимс бүгд 80 шахам тн, зээр 14424, шувууны мах 2364, сүлжмэлийн зүйл ширхэг буюу хосоор 4920 зэрэг нийт 36 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, хувийн бэлэг 12460  багтсан 127 вагоноос  бүрдэж байв. Цувааны 102 вагоныг Наушкаас, 25 вагоныг  Чойбалсан  станцаас тус тус илгээсэн бөгөөд нийт үнэ нь 8 сая төгрөг байжээ.

Цувааг  МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга С.Янжмаа, элчин сайд Ж.Самбуу  нарын төлөөлөгчид Украины 1 дүгээр фронтын төлөөлөгчийг Москва хотноо урин ирүүлж хүлээлгэн өгчээ.

Сүүлийн хоёр цуваанд “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” эскадрильд зориулсан бэлэг багтсан ажээ.


Монголын ард түмний  хөрөнгөөр байлдааны зэвсэг  хэрэгсэл бэлтгэж өгөх нь тусламжийн онцгой чухал хэлбэр хэмээн Монголын төр засаг үзсэн тул 1942 оны I сард хуралдсан БНМАУ-ын  25 дугаар Бага Хурлаас ”Хувьсгалт Монгол Улс” гэдэг нэртэй танкийн цувааг байгуулж, Зөвлөлтийн баатарлаг Улаан цэрэгт бэлэглэх, уг танкийн цуваа байгуулах хөрөнгө хуралдуулах ажлыг зохиохыг Засгийн газар даалгасан тогтоолыг гаргажээ. Энэ дагуу   манай  улсын засгийн газраас 2,5 сая төгрөг, З00 кг алт, 100 000 америк долларыг 1942 оны хоёрдугаар сард ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд урьдчилан шилжүүлсэн ба  мөн оны нэгээс дорлоодугаар сарын хооронд ард олноос 2 сая орчим төгрөг цугларсан байв.

Энэ бүхний  үндсэн дээр танкийн бригадыг ЗХУ-д үйлдвэрлэсэн  Т-34 загварын танк 32, Т-70 загварын 21, бүгд 53 танкаар бүрдүүлэн байгуулж,  1943 оны нэгдүгээр сарын 12-нд  Москвагаас холгүй орших танкийн 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд Монголын ард түмний бэлгийн гурав дахь ээлжийг  хүргэн очсон  маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид  хүлээлгэн өгчээ. Танк бүрийн цамхаг дээр оросоор “Хувьсгалт Монгол улс” хэмээн бичиж, харин  дээд захаар нь “МАХН-ын Төв Хорооноос”, “БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс”, “Д.Сүхбаатар”, “Х.Чойбалсан”, “Хатанбаатар Магсаржав”, “Г.Бумцэнд”, “Монголын малчдаас”, “Монголын сэхээтнээс”, “Партизануудаас”, “Албан хаагчдаас”, “Монголын эмэгтэйчүүдээс”, “Ардын цэргээс”, “Чекистүүдээс”, “Үйлдвэрчний эвлэлээс”, “Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдээс”, “Аж үйлдвэрийн комбинатын ажилчдаас”, “Уурхайчдаас”, “Ардын гэгээрлийн ажилтнаас”, “Эмнэлгийн ажилтнаас”, “Хилчдээс”, “Гар үйлдвэрийн хоршооллоос”, “Сайн дурын морьт отрядаас”, “Сангийн аж ахуй, өвс хадлангийн машинт станцын ажилчдаас”, “Сурагч пионеруудаас”, “Уран сайхны ажилтнуудаас”, “Бүх арван найман аймгийн ардуудаас тус бүр”, “Зөвлөлтийн харьяат нараас”, “Монголд суугаа Зөвлөлтийн эмэгтэйчүүдээс”, мөн аймаг тус бүрийн ардуудаас  гэж бичсэн байв. Танкуудыг экипаж бүрд нь нэг бүрчлэн хүлээлгэн өгч нэрийн дэвтэр, ногдох бэлгийн хамт гардуулсан бөгөөд нам, төрийн байгууллага, удирдах зүтгэлтний нэрэмжит танкуудыг гардуулахад төлөөлөгчдийн гишүүд бүгд байсан бөгөөд бусад танкуудыг гардуулахад холбогдох байгууллага, газрын төлөөлөгчид биечлэн оролцжээ.

Үүнд: Ардын цэргийн танкийг БНМАУ-ын баатар Гонгор, сайн дурын морьт отрядын танкийг хошууч генерал Мижид, ажилчдын танкийг арьс ширний заводын мастер Гомбо, оёдолчин эмэгтэй Жадамба, аймгийн танкуудыг Дорноговь аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Чойдог, Баян-Өлгий аймгийн төлөөлөгч Хашгамбай, Говь-Алтай аймгийн Хасагжаргалант сумын дарга Рагчаа, Өмнөговь аймгийн Аргалант сумын дарга Баатар, Архангай аймгийн Их-Тамир сумын малчин эмэгтэй Янжинлхам, партизан нарын танкийг ардын журамт цэргийн ахмад дайчин Тогтох, малчдын танкийг улсын сайн малчин Цэвэгмид, сэхээтэн урлагийн ажилтан нарын танкийг ардын жүжигчин Ц.Цэвэгмид, зохиолч Ц.Дамдинсүрэн, Зөвлөлтийн харьяат нарын танкийг төлөөлөгчдийн гишүүн эмэгтэй Иванова, Монгол дахь орос тариачин Афанасьев зэрэг хүмүүс биечлэн гардуулсан ажээ.

“Хувьсгалт Монгол”  танкийн бригад нь Курскийн дэргэдэх тулалдаанд оролцож гарамгай гавьяа байгуулсан учир “Гвардийн” гэдэг хүндэт цол хүртсэн ба улмаар  БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаар хурлын тогтоолоор БНМАУ-ын “Байлдааны гавьяаны  улаан тугийн одон”-гоор шагнагджээ. Дараа нь 1944  оны нэгдүгээр сард Бердичев хотыг дайран эзлэх үед баатарлагаар тулалдсан учир тус хотын нэрэмжит болгожээ.

 “Хувьсгалт Монгол улс” гвардийн танкийн бригад нь 44 дүгээр бригад хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд Москвагийн дэргэдээс аян дайны  түүхэн замналаа эхэлж, байлдааны үүргээ гарамгай биелүүлсэний учир ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар Лениний, Кутузовын, Улаан тугийн, Суворовын, Богдан Хмельницкийн, Улаан таван хошуу одон болон өмнө дурдсан  БНМАУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одон зэрэг хоёр улсын төрийн дээд шагналыг хүртэж, бригадын дарга, хурандаа И.И.Гусаковский ЗХУ-ын хошой баатар, 15 хүн ЗХУ-ын баатар цолоор, дарга, байлдагч 7770 хүн Зөвлөлт, Монгол, Польшийн  одон тэмдгээр тус тус шагнагджээ.

Дашрамд дурдахад Францын интернационалчдын “Нормандия Неман” нисэх эскадрилийг эс тооцвол “Хувьсгалт Монгол” танкийн бригад нь Зөвлөлтийн улаан армийн доторх гадаадын хөрөнгөөр байгуулагдсан анхны нэгтгэл байв.

Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид бэлэглэсэн бас нэгэн зүйлийн байлдааны техник бол “Монгол ард” нисэх онгоцны эскадриль билээ. “Монгол ард” эскадрилийг байгуулах тухай шийдвэрийг 1943 оны гуравдугаар сард болсон Улсын ХХҮI Бага хурлаас гарган хэрэгжүүлсэн юм. Монголын ард түмэн “Фронтод зориулан байлдааны нисэх  онгоцнуудыг  хурдан шуурхай байгуулъя” уриан дор шаардагдах хөрөнгийг 4 сарын хугацаанд хуримтлуулжээ. 1943 оны  долоодугаар сарын 22-нд Бэлэглэлийн Төв комиссоос “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байгуулахад зориулсан 2 сая төгрөгийг ЗХУ-ын Санхүүгийн Ардын комиссиаратын дансанд шилжүүлсэн байна.

Монголын ард түмний хөрөнгөөр байгуулагдсан “Ла-5” загварын 12 нисэх онгоцноос бүрдсэн “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг дэслэгч генерал А.С. Благовещенскийн нэгтгэлд 1943 оны  есдүгээр сарын 23-нд  гардуулжээ. Тус эскадриль нь  Волхов, Калининий болон Баруун фронт, Брянскийн фронт, Балтийн нэгдүгээр, Белоруссийн гуравдугаар фронтод байлдаж  Курск, Витебск-Орш, Сандомирийн тулалдаанд оролцож, Белорусс, Литва, Дорнод Прусс, Польш, Герман, Чехословакийн нутгийг чөлөөлөлцөн байлдааны үүргээ амжилттай биелүүж, монголын ард түмний итгэлийг биелүүлсэн билээ. “Монгол ард” эскадриль нь сөнөөгч онгоцны хоёрдугаар хорооны бүрэлдэхүүнд багтан янз бүрийн фронтод гарамгай гавьяа байгуулсан учир ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн болон Суворовын одонгоор шагнагдаж, 1944 оны долоодугаар сард Оршийн нэрэмжит болжээ.

Дайны жилүүдэд БНМАУ-ын Засгийн газар өөрийн ард түмний хөрөнгөөр байгуулагдсан танкийн бригад болон нисэх эскадрилийн бие бүрэлдэхүүнийг шефлэн авч хувцас, хүнсний бүхий л хангамжийг дааж байв. Зөвхөн тэдэнд зориулсан тусгай бэлгийг бэлгийн цуваанд тухай бүр хамтатгаж, 5 дахь цувааг бүхэлд нь зориулжээ. Мөн техник шинэчлэлд нь зориулж 1943-1945 онд 3 удаа тус бүр 2 сая төгрөгийг гуйвуулсан байна.

Үргэлжлэл бий ...

Эх сурвалж: Батлан Хамгаалах яам

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш