УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2017.05.10/ хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн саналуудыг хуулийн төсөлд тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн тус ажлын хэсгийн гишүүн М.Билэгт танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, нярай хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач тусыг яриад барахгүй. Гэхдээ өөрийн сүүгээр хүүхдээ цатгаж чадахгүй байгаа эхчүүд нэмэгдэл тэжээл авахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ хуулиар сүү импортлогчдын үйл ажиллагааг бүр хориглосон юм биш биз хэмээн лавласан. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, хүүхдийн сүү импортлогчдод тавьж буй шаардлагыг өндөрсгөж, чанартай бүтээгдэхүүн оруулж ирэхийг зорьж байгаа. Шаардлага хангасан бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг хаагаагүй гэсэн хариулт өгсөн юм. Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзсэн юм.