logo
Ажлын хэсгийн тайланг хэлэлцэв

Ажлын хэсгийн тайланг хэлэлцэв

2017/05/11

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2017.05.10/ хуралдаанаар

Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.

Тайлангийн талаар тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.

Ажлын хэсэг Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” сургууль, Физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль, “Орчлон” олон улсын дунд сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн 29, 116 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 71 дүгээр дунд сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, боловсролын салбарын хууль тогтоомжийн болон “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлыг нь сонслоо хэмээн ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа.

Тэрбээр

-Бага, дунд боловсролын байгууллага, суралцагчдын өнөөгийн байдал,

-Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилт,

-Багшлах боловсон хүчний нөөц, нийгмийн асуудал,

-“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, тулгамдаж буй асуудал,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр багцлан гишүүдэд мэдээлэл хүргэсэн. Мөн ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулсан юм.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хөдөө орон нутгийн сурагчид балгас мэт байранд сурч, амьдарч байна гээд сургуулийн засварын төсвийг хэрхэн хуваарилдаг талаар тодруулсан бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нийт сургуулиудын барилгын насжилт ямар байгаа, хэдэн хувь нь цаашид ашиглах боломжгүй болохыг мэргэжлийн байгууллага тогтоосон бэ гэж асуусан.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь, 150 гаруй сургуулийн барилга 40 жилээс дээш насжилттай гэлээ. Тэрбээр, нийт сургууль, цэцэрлэгүүдийн барилгын 20-30 хувийг цаашид ашиглах боломжгүй гэсэн МХЕГ-ын дүгнэлт гарсан гээд жилдээ аймгуудаас 20-40 тэрбум төгрөгийн засварын ажлын захиалга ирүүлдэг ч 2016 оны төсөвт тусгагдсан мөнгийг хуваарилахад нэг аймагт 300 орчим сая төгрөг оногдсон гэж хэлж байлаа. Энэ нь нэг сургуулийн засварт ч хүрэхгүй мөнгө юм байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Байнгын хорооны тогтоолын төсөлд Боловсролын багц хуулийг шинэчлэх талаар яагаад тусгасан талаар тодруулсан. Тэрбээр, 2016 онд Боловсролын багц хуулийг шинэчлэн баталсан байтал дахин ингэж шинэчлэх шаардлага бий эсэхийг лавлаж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, Боловсролын тухай болон Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, эрх зүйн орчин тогтворгүй байна. Боловсролын тухай хууль нь салбарын харилцааг бүхэлд нь зохицуулж чадаагүй, зохицуулах шаардлагатай зарим харилцаа тусгагдаагүй, зөвхөн боловсролын салбарын байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чиглэсэн, байгууллагын харилцааг зохицуулсан байна гэж ажлын хэсэг дүгнэсэн гэлээ. Боловсролын салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлтийг богино хугацаанд оруулдаг нь улстөрчдийн хүсэл зориг, бодлогын ялгаатай шийдэлтэй холбоотой боловч нөгөө талаар тухай салбарын эрх зүйн хөгжил, түүний системчлэлтэй холбоотой хэмээн нэмж хэлсэн. Салбарын сайд ч гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.

Байнгын хорооны тогтоолын төсөлд оруулах хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналыг гишүүдээс гаргасан бөгөөд эдгээр саналуудыг тусган дараагийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш