УИХ-ын чуулганы өчигдрийн (2017.05.11) үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн чиглэлийн биелэлтийн танилцуулгыг, УИХ-ын гишүүн С.Чинзориг тус асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг танилцуулсан юм.
Дээрх танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-д тусгагдсан 158 арга хэмжээний 47-48 арга хэмжээ нь 50 хувиас доош биелэлттэй байгаа нь хоёр Засгийн газар ажилласантай хамааралтай байх, гэхдээ эдгээрийг биелүүлээгүй ажилтан, албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ хэмээн УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулаа. Мөн мал аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн үндэсний сүлжээний байгуулах зорилтын талаар тодруулсан юм. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хариулт өгөхдөө 2015 онд батлагдсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийг хэрэгжүүлсэн 2016 онд хоёр Засгийн газар ажилласан онцлогтой гэдгийг санууллаа. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд яамд хоорондын уялдаа муу байсан гэдэг дүгнэлт гаргаад буйгаа тэрбээр хэллээ. Түүхий эд бэлтгэлийн сүлжээг бий болгох асуудал нь Аж үйлдвэрийн яамны эрхлэх асуудлын хүрээнд багтаж байгаад 2016 оны наймдугаар сараас ХХААХҮЯ-нд шилжиж иржээ. Ингэхдээ 2016 оны эхний найман сарын хугацаанд энэ чиглэлээр хэдэн удаагийн сургалт явуулснаас өөр хийсэн ажилгүй, тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ямар ч төсөвгүй байсан хэмээн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга хариулт өгсөн. Мал аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэлийн үндэсний сүлжээ байгуулах шаардлагыг үндэслээд салбарын яам түүхий эд бэлтгэлийн тогтолцооны хувилбарт санал хэмээх зөвлөх үйлчилгээг зарлан хувилбаруудыг хүлээн авсан гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгагдсан Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв байгуулах болон Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон эхний ээлжийн барилгажилтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зорилт, арга хэмжээний биелэлт 0 хувьтай байгаагийн шалтгааныг тодрууллаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал орхигдоогүй, тусдаа сан ажиллаж байгаа бөгөөд энэ шугамаар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний зээл, дэмжлэг туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл өглөө. Мөн тэрбээр өмнөх Засгийн газар найман сар ажилласны дараа бид үргэлжлүүлэн үлдсэн дөрвөн сард нь гүйцээж ажилласан гэдгийг онцлон хэлсэн юм. Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон эхний ээлжийн барилгажилтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг гүйцэтгэх санхүүжилт болох 633 сая төгрөг тухайн оны төсөвт тусгагдаагүй учраас энэ ажлыг гүйцэтгэх аргагүй болсон гэдгийг Ажлын хэсэг тайлбарлав. Нөгөө талаас Хөшигийн хөндий орчмын газрын маргаанууд бий, шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа гэдгийг хэллээ.