logo
Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав

2017/05/12

УИХ-ын чуулганы өчигдрийн (2017.05.11) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээс санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг хуулийн төсөлд бүрэн тусгаж, эцсийн хувилбаруудын төслийг бэлтгэсэн байна. Тухайлбал, авто замын засвар арчлалтын ажлыг хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийн шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, авто замын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг авто замын сангаас санхүүжүүлэх, авто замын техник технологийн хяналтыг зөвлөх үйлчилгээний болон захиалагчийн хяналтын зардлыг авто зам, авто замын байгууламжийн төсөвт өртөгт тусгах, авто замын байгууламжийн барилгын ажлын явцад зайлшгүй хийх нэмэлт ажлыг магадлашгүй ажлын зардлаас санхүүжүүлэх, авто зам, авто замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага, зохиогч хариуцаж гарсан хохирлыг бүрэн барагдуулах, зураг төслийн техникийн шинэчлэлийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцах зэрэг зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг төсөлд тусгасан гэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-ын саналаар төслийн 28.4 дэх хэсэг буюу “Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр 3 жил байна” гэж, мөн төслийн 36 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруурлснаар хуулийн төслийн 25.1.1 дэх заалтыг 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс, энэ хуулийг 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгах саналын томъёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, О.Батнасан нар зарим зүйлийг тодруулан Ажлын хэсэг, Байнгын хорооноос хариулт авсан. Үүний дараа зарчмын зөрүүтэй саналын хоёр томъёоллоор санал хураалт явуулсныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Төгсгөлд нь Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 75.5 хувь нь, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг гишүүдийн олонх дэмжин баталлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш