logo
“Нэг бүс, нэг зам

“Нэг бүс, нэг зам"

2017/05/15
Бээжин хотноо болж буй “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны уулзалтад БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байна. Уулзалтад ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган тэргүүтэй 29 орны төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ОУВС-гийн захирал Кристин Лагард, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким зэрэг олон улсын 70 гаруй байгууллагын өндөр дээд албан тушаалтан, 130 улсын 1500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Уулзалтын хүрээнд хоёр улсын дэд бүтэц, худалдааны гол хөтөлбөр болох “Талын зам”, “Нэг бүс, нэг зам” санаачлагын уялдаа холбоог хангаж, хөгжүүлэх чиглэлийн хэд, хэдэн чухал санамж бичигт гарын үсэг зурсан байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлалынхаа хүрээнд өмнө нь ярьж байсан хоёр талын санаачлагыг уялдуулах, талуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаарх тохиролцоог албан ёсоор баталгаажуулжээ. 2013 оны есдүгээр сард Хятадын дарга Си Зиньпиний санаачлагаар Евро-Азийн их газрын зүүн тал буюу Ази-Номхон далайн эдийн засгийн бүс нутгаас эхлээд, баруун талаараа Европын эдийн засгийн бүсийг хамрах XXI зууны “Торгоны зам”-ын эдийн засаг, далайн бүсийн илэрхийлэл болсон төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.



БНХАУ-ын тогтвортой хөгжлийн стратегийн үндсэн хэсэг хэмээдэг “Нэг бүс, нэг зам” санаачлага нь дотоодын хэд, хэдэн шаардлагын хүрээнд бий болжээ. Тухайлбал, 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас үүдэн бий болсон бүс нутгийн эдийн засгийн тэнцвэргүй байдлыг тогтворжуулах, тус улс дахь капиталын болон үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, дэд бүтцийн технологи зэргийг гадаад зах зээлд нийлүүлэх гарц бий болгох зорилготой юм байна. БНХАУ-ын хувьд шинэ зах зээл, хөрөнгө оруулалтын орон зайг бий болгож, бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд түгээх эрмэлзлийн хүрээнд энэхүү төслийг эхлүүлсэн хэмээн тодорхойлох шинжээчид ч мөн байдаг юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын анх удаа оролцож буй уг чуулганаар хоёр талын санаачлагын хэрэгжилтийг түргэсгэх, оролцогч талын хамтарсан баримт бичиг байгуулах зэрэг чухал үйл явц өрнөжээ. Мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Хятад-Монголын хил дамнасан эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий уг санаачлагыг хооронд нь уялдуулах чиглэлд бодитой ахиц гарах талаар голчлон хэлэлцэхээр болсон байна.

Бүс нутгийн дэд бүтцийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой уг санаачлагыг уялдуулж өгснөөр хэрэгжилтийг түргэсгэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Ази, Африк болон Европыг дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар дамжуулан таван чиглэлд холбох төлөвлөгөөтэй уг төсөл нь олон улсын тээвэр, хот, боомтыг холбож, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон коридорыг бий болгох чухал ач холбогдолтой гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Хятад улс уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш санаачлагад нэгдсэн улс оронд 50 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, эдийн засаг, хамтын ажиллагааны 56 бүсийг байгуулж, 1.1 тэрбум ам.долларын татварын орлого олж, дотооддоо 180 мянган ажлын байрыг бий болгожээ.



Түүнчлэн энэ оны эхний улиралд Хятадын томоохон компаниуд 61 улс оронтой аутсорсингийн гэрээ байгуулж, өнгөрсөн улиралд ийм хэлбэрийн төслөөс олсон орлого нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.7 хувиар нэмэгдэж, 14.39 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн тоо баримт байгаа юм. Мөн энэ оны нэгдүгээр улиралд дотоодын компаниуд 43 улс, бүсийн санхүүгийн бус салбарт 2.95 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнээс гадна Хятадын зүүн хэсгийг Лондонтой холбосон ачааны галт тэрэг явж эхэлсэн нь экспортын өсөлтийг түргэсгэх бодитой үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Хэрэгжүүлэгч орны зүгээс уг санаачлагад уялдан нэгдэхийг олон улсад уриалж байгаа бөгөөд санаачлагын зам дагуу орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг ахиулж, түншийн харилцаа, соёл хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэн, тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийг түргэсгэх боломжтой гэдгийг илэрхийлж байгаа аж.

Олон улсын зарим шинжээчдийн хувьд тогтвортой хөгжлийг чухалчилсан энэхүү санаачлага нь тус улсын хөрш орнууддаа туслан дэмжих "Баянхөрш" бодлогын нэгэн тусгал хэмээн тодорхойлж байна. Ази, Европыг холбох дэд бүтцийн зангилаа хэмээдэг Монгол Улсын хувьд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэн хоёр тивийг холбох “Торгоны зам”, “Талын зам” төсөл, гурван улсын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрт идэвхтэй оролцож байна. Хятад, Орос, Монголын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асар том орон зай, боломж бий. Хятадын талаас энэхүү санаачлагын хүрээнд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн дамжуулан өнгөрүүлэх бүс байгуулах саналыг дэвшүүлж байгаа юм. Эдийн засгийн дамжуулан өнгөрүүлэх бүс байгуулах гэдэг нь ”Нэг бүс-нэг зам” хэмээж буй “Торгоны зам”-ын эдийн засгийн бүсийг, Монголын “Талын зам” болон Оросын Транс Евразийн дамжуулан өнгөрүүлэх бүс байгуулах төлөвлөгөөтэй уялдуулан холбох үйл явдал юм.

Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш