УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн (2017.05.16) хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулсан юм.
Төсөл санаачлагч илтгэлдээ, 2016 онд Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсэг байгуулан 21 аймаг, нийслэлд судалгаа явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлтээ гаргасан. Эдгээр санал, дүгнэлтүүдийг үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хорьдугаар зүйл, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар хуульчилсны дагуу Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 6 сэдвийн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг явуулсныг онцоллоо.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 12.1-д зааснаар статистикийн байгууллага зөвлөлдөх асуулгын нэг дэх болон хоёр дахь шатны дүнгийн талаархи дүгнэлтийг зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн тайланд тусгаж, Зөвлөлдөх зөвлөлд хүргүүлсний дагуу уг санал асуулгын дүнг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцэн зөвлөмж гаргаж Улсын Их Хуралд хүргүүлсэн юм. Уг зөвлөмжид дурдсанаар иргэд Үндсэн хуульд тодорхой асуудал, чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Иймд цаашид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах нэг хэлбэр нь ард нийтийн санал асуулга бөгөөд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасан. Мөн хуулийн 7.7-д “санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж заажээ.
Харин Улсын Их Хурлын 2017 оны 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосон бөгөөд товлосон хугацаа хүртэл 45 орчим хоног үлдээд байгаа. Гэтэл Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар заасан учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй байгаа аж.
Иймээс уг хуульд заасан санал асуулга явуулах хугацааг өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг буруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтойг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.
Дараа нь Ажлын дэд хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л.Өлзийсайханаар ахлуулан байгуулахаар тогтлоо.