“Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн” ТББ-аас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Замч” ХХК болон хотон үндэстний Нинься өөртөө засах орны “WestUnionExhibition” ХХК -тай хамтран 2017 оны зургадугаар сараас найман сарыг дуустал БНХАУ-ын ӨМӨЗО-ы нэр бүхий зургаан хотод тухайн хотын засаг захиргаа, худалдааг дэмжих хорооны албан ёсны зөвшөөрөл, дэмжлэгтэйгээр “Нүүдэлчин-70” цуврал үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ.
Монгол улсад үйлдвэрлэгдэж буй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, цэвэр байгалийн гаралтай, өндөр чанартай брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг нутгийн ард иргэдэд сурталчлах, худалдан борлуулах, хамтын ажиллагаа өрнүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус цуврал үзэсгэлэн худалдаа нь 2017 онд тохиож буй Өвөр Монголын өөртөө засах орон байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд тухайн хот бүрт болох үндсэн арга хэмжээ, баяр наадмын үеэр болж буйгаараа онцлог юм.
Энэхүү цувралын салхийг “Нүүдэлчин-70-Ордос”анхдугаар үзэсгэлэн худалдаагаар эхлүүлэхээр болсон бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ы томоохон хотуудын нэг болох Ордос хотноо 2017.06.22-ноос 2017.06.26-ын /5 хоног/ өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон байна.
Үзэсгэлэн худалдааны товч хөтөлбөрийг сонирхуулбал:
Улаанбаатар хотноо:
- “Нүүдэлчин-70-Ордос” үзэсгэлэн худалдаанд оролцох бизнес эрхлэгчдийг хамруулсан “Экспоны ач холбогдол-ААН-ийн оролцоо” сэдэвт танилцуулга уулзалт-2017.05.17
- “Нүүдэлчин-70-Ордос” үзэсгэлэн худалдаанд явах худалдааны зөвлөхүүдийг худалдагч хамруулсан сургалт 2017.06.02
Ордос хотноо:
- Нүүдэлчин-70-Ордос Хөрөнгө оруулалт, бизнесийн чуулга уулзалт 2017.06.21
- Нүүдэлчин-70-Ордос үзэсгэлэн худалдааны нээлт 2017.06.22
- Брэнд бүтээгдэхүүн, компанийн танилцуулга 2017.06.22-06.26
- Ордос хотын томоохон үйлдвэртэй танилцах 2017.06.22-06.26
- Үзэсгэлэн худалдааны хаалт 2016.06.26
- Ордос хот, Чингисийн онгонтой танилцах /2017.06.27/ аяллаар өндөрлөнө.
Ордос хотын тухай:
Ордос нь Өвөр Монголын баруун өмнөд хэсэгт орших Ордосын цөлийн ихэнх хэсгийг эзэлдэг, аймгийн зэрэглэлтэй хот юм. 2001 оны 2 сарын 26-нд Их Зуу аймгийн суурин дээр байгуулагдсан. Зүүн талаараа ӨМӨЗО-ны Хөх хот, зүүн хойд талаараа Бугат, хойд талаараа Баяннуур, баруун хойд талаараа Алшаа, баруун талаараа Ухай, мөн баруун өмнө талаараа Нинься муж, өмнө талаараа Шэньси болон Шаньси мужуудтай хиллэнэ. Нийт 2,5 сая хүн амтай. Засаг захиргааны нэгжийн хувьд 1 дүүрэг, 7 хошуунд хуваагддаг. Улаанбаатараас 1.420 км, Хөх хотоос 300 км зайтай. Хөх хотоос Ордос чиглэлд хуурай зам болон агаарын тээвэр хөгжсөн, өндөр хурдны галт тэрэг нэвтэрсэн.
Тус хотын Эзэн хороо хошуунд орших Чингисийн онгон нь жил бүрийн зун, ялангуяа 6-р сарын дундуураас хойш өвөрмонголчууд болон гадаадын аялагчдын хөлд дарагддаг. Мөн ноолууран эдлэл, уул уурхайгаараа алдартай, хүн амын худалдан авах чадвар харьцангуй өндөр. Уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор баригдсан олон тооны гайхалтай уран барилга, байгууламжуудтай, аялал жуулчлалын гол хотуудын нэг. Сүүлийн жилүүдэд хүн ам нь ихээхэн өсөн нэмэгдэж байгаа.
Ийнхүү ирэх сард зохион байгуулагдах “Нүүдэлчин-70-Ордос” анхдугаар үзэсгэлэн худалдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 9908-5897, 8010-6008, 8085-7050, 9964-7790 дугааруудад холбогдон авч болох юм.