logo
Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2017/05/24

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр (2017.05.23) хуралдаж, Засгийн газраас 2017 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 10 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, гишүүдэд УИХ-ын гишүүн О.Батнасан, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Л.Энхболд болон ажлын дэд хэсэгт холбогдох албаны хүмүүс орж ажиллаж байгаа юм. Байнгын  хорооны хуралдаанд хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

Ажлын хэсэг 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр хуралдаж, төслийн талаархи зарчмын зөрүүтэй 13, дагалдах хуулийн төслүүдийн талаархи 1 саналыг бэлтгэн томьёолжээ. Тухайлбал, УИХ-аар хэлэлцэн, баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомжтой уялдуулж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх ажиллагаанд прокурорын хяналтыг төсөлд шинээр нэмж тусгасан байна. 

Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш