Уг хорооллын оршин суугчид амар амгаланг эдлэх нь бүү хэл аюултай орчинд бий болж байгаа тул эрхээ хамгаалахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагч С.Батболдод хандаж байна.
2016 оны 05 дугаар сард байнгын ашиглалтанд орж, 680 гаруй өрх амьдарч буй тус хороололын оршин суугчид хэн нэгэн ээж, аавын голыг харлуулсан осол аваар гарч, ямар ч буруугүй нялх жаахан нэгэн осолд өртөж амь насаа алдахаас нь урьтаж төрийн хуулийг уландаа гишгэсэн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргана хэмээн Нийслэлийн Засаг дарга С.Батболдод найдаж байгаа аж. Мөн хотын өмнөх удирдлагуудын адил REC ХХК-ийн захирал П.Эрдэнэхүүгийн “халаасанд орж” энэ хэрэг дарагдахгүй гэж оршин суугчид итгэж байгаагаа онцлохыг хүслээ.
“REC” ХХК-ИЙН ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ
Хан-Уул дүүргийн 4-р хороо Шинэ Өргөө хорооллын хүүхдүүд хүүхдийн тоглоомын талбайгүйн улмаас машины зам дээр тоглож байгаад авто осолд өртсөн хэд хэдэн тохиолдол гараад байна. Шинэ өргөө хороолол нь шинэхэн баригдсан 1080 айлын хороолол бөгөөд анхны төлөвлөлтөөрөө 70%-ийн ногоон байгууламж, 2-3 хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур зэрэг бүх орчныг бүрдүүлсэн анхны А3 стандартын хороолол баригдахаар төлөвлөгдөж бүх оршин суугчиддаа ч тэрхүү төлөвлөгөө танилцуулгаа хийн байраа худалдсан байдаг. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ эргэснээс болоод хүүхдүүд гэмтэж бэртсээр байна. Rec ХХК-ийн захирал П.Эрдэнэхүү та хэдэн хүүхдийн амийг авч байж тоглоомын талбайных нь газрыг өгөх вэ? Заавал хэн нэгэн хүүхэд цусаа үзүүлэн нас барсны дараа газрыг нь өгөх юм уу? Одоо гэмтээд байгаа хүүхдүүдийг бодоод ч болтугай тоглоомын талбайн газрыг буцааж өгөхийг оршин суугчид шаардаж байна.
НИЙСЛЭЛИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗРЫН ДАРГА Э.АНАРЫГ 3200 ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ШИЙДВЭРЭЭ ӨӨРЧЛӨХИЙГ ХҮСЭВ
Монголын хууль гурав хоног гэдэгчлэн ихэнхи байр зарагдан оршин суугчид орох үед Нийслэлийн Ерөнхий Төлөвлөлтийн Газраар тус хотхоны ерөнхий төлөвлөгөөг өөрчлүүлэн хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, ногоон байгууламж барих газрууд дээрээ өөр зориулалтын барилга барихаар өөрчлүүлж, барилгын суурь цутгаж эхэлсэн байна. Э.Анар дарга энэ удаад 1080 айл цаашлаад 3200 хүүхдийн эрх ашгийг бодон өмнөх удирдлагуудын гаргасан шударга бус шийдвэрийг эргэн харж, засварлаж өгөхийг хүсье. Таны салбартаа удаан ажиллаж, хүлээн зөвшөөрөгдсөн хүний хувьд ерөнхий төлөвлөлтийн асуудлаар захын нэг барилгын компаний захирлаар ажлаа заалгахгүй, нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргана гэдэгт оршин суугчид итгэлтэй байгаа юм. Оршин суугчдын хувьд мэхлэгдэж, үр хүүхдийнхээ эрүүл аюулгүй орчинд өсөх эрхийг нь хязгаарлаж байгаатай эвлэрэхгүйгээр тэмцэл хийн төрийн хяналт тавьдаг зөвшөөрөл олгодог мэргэжлийн байгууллагуудад удаа дараалан гомдол гаргасан ч тусыг эс олов. Хүүхдийн тоглоомын талбайн газар дээр хашаа барьж хязгаарлалт хийхэд оршин суугчид Барилгын төлөвлөлт гүйцэтгэлд хяналт тавьдаг Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газарт 2016 оны 4 дүгээр сард гомдол гаргахад “дороо машин зогсоол дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий байгууламж баригдах зөвшөөрөлтэй” гэж хариу өгсөн бөгөөд, газраа ухан сууриа цутгаж эхлэхэд нь оршин суугчид эсэргүүцэн, тус суурийн зураг төслийг барилгын холбогдох хүмүүст үзүүлэхэд “Гаражийн суурь биш барилгын суурь” гэдгийг хэлж өгсөн аж. Үүний дараа дахин Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газарт хандахад хоёр сарын дараа хариуг нь өгсөн бөгөөд ингэхдээ “ерөнхий төлөвлөгөө өөрчлөгдсөн, таван давхар барилга барихаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө авсан” гэсэн хариуг өгчээ.
Өөрөөр хэлбэл Улсын Их хурлын сонгуулиас өмнө амжиж хотхоны ерөнхий төлөвлөгөөг нууцаар, хууль бусаар өөрчлүүлсэн нь юмсанж. Оршин суугчид энэхүү шийдвэрийг гаргахад оролцсон хүмүүсийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт хандахаар холбогдох баримт нотлогоог цуглуулан ажиллаж байгаа аж.
Оршин суугч Э: Оршин суугчдаа байж болохгүй үгээр дайрч доромжилдог
Шинэ Өргөө хорооллын захиалагч REC компани нь анх бидэнд байраа зарахдаа хүүхдийн тоглоомын талбай барьж, маш сайхан тохижуулж оршин суугчдийн амгалан тайван байдлыг бүрдүүлнэ гэж амлан байраа зарсан. Гэвч тэр амлалтандаа хүрээгүйгээр барахгүй амлалт нэхсэн оршин суугчдаа үгээр дайрч доромжилдог энэ байгууллагыг шалгадаг мэргэжлийн байгууллага гэж байдаг бол ажлаа хиймээр байна.
Оршин суугч Б: Төрийн ажил амаар явагддаг болчихсон юм уу
Хүүхдийн тоглоомын талбайн газрыг 2016 оны 4 дүгээр сард хашаа бариад оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарахад захиалагч REC ХХК-ийн захирал П.Эрдэнэхүү ирээд дороо гараж дээр нь тоглоомын талбайгаа баринаа энэ зундаа дуусгана та бүхэн хүлээж бай гэж оршин суугч биднийг тайвшруулаад явсан. Тухайн үед хашаагаа барьсан боловч ажил нь эхлэхгүй явсаар байгаад 8 сарын дундуур ажил нь эхэлсэн бөгөөд хийгдэж байгаа суурийн ажилтай танилцахад энэ нь гаражийн суурь биш барилгын суурь болох нь тодорхой болсон. Ингээд бид дахиад НЕТГазарт хандсан боловч хариу маш удаж гарсны эцэст төлөвлөлт өөрчлөгдсөн барилга баригдаж байгаа гэсэн хариуг бидэнд өгсөн. Хуулиндаа бол оршин суугчдын олонхийн саналаар төлөвлөлтийг өөрчилдөг боловч ямар ч санал авалгүйгээр оршин суугчид зөвшөөрсөн гэж амаар хэлсэн учраас зөвшөөрлыг олгосон гэдгийг НЕТГазрынхан хэлсэн. Төрийн ажил амаар явагддаг болчихсон юм уу?
Оршин суугч Ц: Оршин суугчид хүүхдийн тоглоомын талбайн газар дээр барилга барихыг эсэргүүцэж тэмцэж байгаа
Энэ ухсан байгаа газрын урд талын байрны гаражаас орж гардаг 2 эгнээ машин замын нэг эгнээ нь тэр чигээрээ хөрсний нуралтаас болоод ухсан нүхрүүгээ суулт өгсөн, урд талын 2 давхар гараж бүхий 5 давхар 80 айлын орон сууцны гаражийн цементэн шал хөрсний суултаас болоод цууралт өгч ангайсан, хэзээ нэг өдөр нурж унахад бэлэн байдалтай болчоод байж байна. Энийг хэлэх гэж оршин суугчид янз бүрээр оролдсон боловч хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуудаад сурвалжлага хийлгэхээр дээгүүр доогуур нь ярьсаар байгаад тэр мэдээг нь гаргуулахгүй хааж боодог. Оршин суугчид сошиал сувагуудаар нэг нэгээрээ бичихээр байр хариуцсан Аж Богд Инженеринг ХХК /контор/, болон захиалагч REC ХХК-ний хүмүүс залгаж дарамталдаг ийм л байдалтай байна. Дээрээс нь байрны мөнгө гэж маш их мөнгө хураадаг боловч юунд зарцуулдаг талаар хэнд ч ямар ч тайлан өгдөггүй ШӨХТГазарт удаа дараа хандсан боловч бас л шалгаж өгөхөөс татгалзаж манайд хамаагүй мэтээр тайлбар өгдөг. Мөнгө, Эрх мэдэлтнүүдийн өмнө шударга ёс үнэ цэнэгүй болсон юм байна.
Оршин суугч А: Гадна тохижилт хийгээгүй барилгыг Улсын комисс яагаад хүлээж авсныг ойлгохгүй байна
“Шинэ Өргөө” хорооллын 3 дугаар ээлжний буюу 618-626 дугаар барилгыг 2016 оны 2, 2016 оны 5 дугаар саруудад Улсын комисс байнгын ашиглалтанд хүлээн авсан. Гэвч эдгээр байрнуудын орц талд зүлэгжүүлэлт, ногоон байгууламж огт хийгдээгүй, хүүхэд тоглох тоглоомын талбай, оршин суугчид амарч нарлах талбайгүй, явган хүний зам нь эвдэрхий хэмхэрхий, орц нь зориулалтын будгаар будаагүй, 618, 619 дүгээр байрны цаад талд буюу хашааны доод хэсгийн хөрсийг тэгшилж тохижилтын ажил хийгээгүйн улмаас хашааны ёроол хэсэгт цас, борооны ус тогтон, тогтоол ус нь өмхийрч үнэр орсон, барилгын гадна фасад олон хэсэг газар будаг нь халцарч хуурсан тул шинэ барилга гэж хэлэхээргүй, зоорийн давхрыг зориулалтын дагуу будаагүй, байрнуудын хаяавчийн доорх газар суулт өгч ангархай үүссэнээс зоорийн давхарт ус нэвчдэг, орцны болон гадна талбайн гэрэлтүүлэг муу, шаардлага хангахгүй байна.
Гэтэл Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар яагаад ийм гадна тохижилт хийгээгүй барилгыг байнгын ашиглалтанд хүлээж авсныг ойлгохгүй байна. Тус газрын Улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа хүмүүс нийтийн албанд ажиллаж байна уу? Эсвэл REC ХХК-ийн төлөө ажиллаад байна уу? Яагаад энэ компанид давуу байдал олгож ийм тохижилттой барилгыг ашиглалтанд хүлээж авав? Энэ асуултанд холбогдох хүмүүсээс хариулт нэхье.
mnews.mn