logo
 “Роснефть” өртөгөө нэмсэн ч дизель түлшний үнэд өөрчлөлт орохгүй

“Роснефть” өртөгөө нэмсэн ч дизель түлшний үнэд өөрчлөлт орохгүй

2011/11/09
ОХУ-ын “Роснефть” компаниас манай улсад экспортлох дизель түлшний үнийг энэ сарын эхнээс тонн тутамд 73 ам.доллараар нэмжээ.
Өнөөдөр нефть импортлогч компаниуд нийслэлийн хэмжээнд төгрөгөөр худалдаалж байгаа. Харин “Роснефть” компаниас дизель түлшний үнийг нэмсэнээр манай улсад худалдаалагдах үнэд өөрчлөлт орж болзошгүй гэсэн хардлага гарч эхэлсэн. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газраас тодруулахад “”Роснефть” компани дизелийн үнээ нэмсэн нь үнэн. Иймээс ЭБЭХЯ-ны дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан Сангийн яам, ЭБЭХЯ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Газрын тосны газар, нефть импортлогч компаниудын удирдлагууд хамтарсан Ажлын хэсэг яаралтай хуралдаж, дизель түлшний дотоодын үнийг нэмэгдүүлэхгүй байхад тохиролцож чадсан. Ингэхдээ НӨАТ-ыг тонн тутамд нь чөлөөлж, улмаар үнийг урьдын хэвэнд байлгах боломжтой гэж үзсэн юм.
Гэхдээ уг асуудлыг лхагва гараг /маргааш/ хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ” гэлээ.
Ямартаа ч хамтарсан хуралдаанаар татварыг тэглэх замаар дотоодын дизель түлшний үнийг нэмэхгүй байж болох талаар зөвшилцсөнийг холбогдох байгууллагаас нь мэдээллээ. Дашрамд дурдахад, “Роснефть” компани зөвхөн дизель түлшний үнийг нэмсэн учир бусад төрлийн бензины үнэнд одоогоор өөрчлөлт орохгүй юм байна.
Н.Туяа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш