logo
Цэргийн алба хаагчдыг түймэрт дайчлах шийдвэр гаргалаа

Цэргийн алба хаагчдыг түймэрт дайчлах шийдвэр гаргалаа

2017/07/17

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр болж түймрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Одоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд асч байсан хоёр түймрийг цурманд оруулаад байна. Хэдийгээр цэрэг дайчлах шаардлагагүй гэж Онцгой байдлын ерөнхий газар танилцуулсан ч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс тодорхой тооны алба хаагч, техник хэрэгслийг дайчилж ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэ дагуу Төв аймгийн Эрдэнэ суманд асч байгаа түймрийн голомтод цэргийн 24 алба хаагч ажиллаж эхлээд байна. 

Цаашид:

-  УБТЗ, Иргэний нисэхийн ерөнхий газрын гал сөнөөгчид, техник хэрэгслийг дайчлахыг Зам, тээвэр, хөгжлийн сайдад

-  Түймэр унтраах тусгай зориулалт бүхий онгоц худалдан авах талаар судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад

-  Түймэрт ажиллаж байгаа иргэдийг Нийтийг хамарсан ажил, үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж урамшуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад

-  Аж ахуйн нэгж, байгууллагуудын ус зөөврийн том оврын автомашинуудыг бэлэн байдалд оруулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад

-  Түймрийн бүс нутагт эмч нарын нэмэлт баг ажиллуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.  

Мөн дөрвөн тонны ус тээвэрлэж агаараас цацах зориулалт бүхий онгоц,  мэргэжлийн багийг гаднаас урьж авчран хүмүүсээ сургах, үүлэнд зориуд нөлөөлж бороо оруулахад шаардлагатай хөрөнгийг гаргахаар боллоо. Ногоон бүсэд амралт, аялал зугаалга хийхийг түр хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналтаа эрс чангатгахыг үүрэг болгов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш