Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт өнөөдөр (2017.08.02) Баянхонгор аймгийн Галуут суманд зохион байгуулагдсан бол үдээс хойш иргэдээс санал авах хэлэлцүүлэг өрнөлөө.
Хэлэлцүүлэгт сургалтад хамрагдсан албан хаагчид болон иргэдийн төлөөлөл, нийт 122 иргэн оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлгийн эхэнд төсөл хэлэлцүүлэгч багийн ахлагч Өргөдлийн байнгын хорооны Ахлах зөвлөх Х.Энэбиш хэлэлцүүлэг ямар дэгийн дагуу явагдах талаархи мэдээллийг оролцогчдод өглөө. Дэгийн дагуу УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн шинжилгээний албаны Ахлах зөвлөх Я.Хишигт багцалсан зургаан сэдвээс Шүүх, эрх мэдлийн талаархи танилцуулгыг хэлэлцүүлгийн эхэнд хийж, оролцогчдод дэлгэрэнгүй тайлбар хийсэн юм.
10/ Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар сонгоно. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна.
Тэрээр, энэхүү өөрчлөлт нь Зөвлөлдөх санал асуулгын 5 дахь сэдвийн хүрээний 3 дахь дэд сэдэвт хамаарах бөгөөд дараахь эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Үүнд, Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зарчимд хуучнаас илүү нийцнэ, Шүүх эрх мэдлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх явдлыг улам тодорхой болгож байгаа, мөн Үндсэн хуулийн бус арга хэрэгслээр засгийн эрх мэдэл хооронд нөлөөлөх боломжийг хязгаарлана гэсэн тайлбар хийв.
Төсөл хэлэлцүүлэгч багийн гишүүд бусад сэдвээр танилцуулга хийсний дараа иргэдийн сонирхсон асуултад тайлбар хийж, иргэдийн саналыг авлаа. Тухайлбал, Баянбулаг сумын 4-р багийн иргэн Э.Баяндалай сумын Засаг даргыг заалнаас буюу ард иргэдийн дундаас сонгууль ажил явуулах, мөн багийн Засаг даргыг томилоход тодорхой хэмжээний шалгуур тавьдаг байх гэсэн санал хэлж байв.
Хүрээмандал сумын 2-р багийн иргэн Л.Сансаргомбо, Монгол Улсын Засгийн газрын үндсэн чиг үүргийн 5 яамдын хувьд Хөдөө аж ахуйн яамыг нэмж оруулах шаардлагатай учир нь Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг нь мал аж ахуй, мал сүрэг юм гэлээ.
Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлгийн дүнд 122 иргэн оролцсноос 116 иргэний саналын хуудас бүртгэгдлээ. Иргэдээс гаргасан бүх саналыг нэгтгэн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны дотор Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ. УИХ-ын даргын 39 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж, Улсын Их Хуралд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өргөн мэдүүлэх юм.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах сургалт, хэлэлцүүлэг Говь-Алтай аймагт үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.