УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.08) Өмнөговь аймгийн төв Даланзадгадад зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир болон Даланзадгад, Ханхонгор, Хүрмэн, Мандал-Овоо, Номгон сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, багийн Засаг дарга нар, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд зэрэг 150 гаруй хүн хамрагдав.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Үндсэн хуулиа шинэчлэн өөрчилж, сайжруулахад монгол хүн бүр, төрийн албан хаагч бүр идэвхтэй оролцож, өөрсдийн санал бодлоо тусгах нь чухал ач холбогдолтой юм” гэдгийг онцлов. Дараа нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хэлсэн үгэндээ “Хэдийгээр бодитой ахиц, өөрчлөлт байгаа ч нийгмийн хурдацтай хөгжил, өөрчлөлт, цаг үедээ тавигдаж буй шаардлагад зарим хуулийн зүйл заалтад нийцэхгүй болсныг өнгөрсөн 25 жилийн үр дүн харуулж байна. Тухайлбал, эдийн засаг, улс төрийн амьдралд зөрчил, дутагдал илэрч төрийн ажилд сахилга бат дутагдаж, улстөржилт, ард иргэдийн дунд талцал үүсэхэд хүрч байна. Түүнчлэн төрийн албанд авлига, хүнд суртал газар авч, иргэдийн дунд баян, ядуугийн ялгаа бодитойгоор бий болж, шударга ёс, нийгмийн тэгш байдал алдагдан олон нийтийн бухимдлыг төрүүлж байгааг засах шаардлага тулгарч байна. Иймээс Үндсэн хуулиа ард нийтээрээ хэлэлцүүлж, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгараад байна” гэлээ.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг дэгийн дагуу зургаан багц сэдвийн танилцуулгаар үргэлжилсэн юм. Үүний дараа иргэд хэлэлцүүлгийг зохион байгуулагчдаас асуулт асууж тодруулан хариулт авлаа. Тухайлбал, Даланзадгад сумын иргэн Д.Мядагсүрэн “Дордуулсан долоон заалтыг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр сайжруулж байгаа юу?”, мөн сумын иргэн А.Цоож “Сонгогчдын олонхийн санал авсан хүнийг Засаг даргаар сонгох талаар Зөвлөлдөх санал асуулгаар яригдсан уу?” зэрэг асуулт тавьж хариулт авсан юм.
Харин төслийн талаархи хэлэлцүүлэгт иргэд идэвхтэй оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлж байлаа. Тухайлбал, Даланзадгад сумын иргэн А.Цоож “Сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах байдал гаргаж болзошгүй. Манай улс шиг жижиг оронд Ерөнхийлөгч нь заавал том институци хамрах шаардлага байна уу. Хэрвээ Ерөнхийлөгчийн энэ эрх байхгүй бол ихээхэн хэмжээний зардал хэмнэгдэж, бусад бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх боломжтой юм” гэсэн саналтай байгаагаа илэрхийлж байв.
Мөн Баяндалай сумын иргэн Т.Нямсамбуу “Засаг захиргааны нэгжид хотыг оруулахыг дэмжихгүй байна. Засаг захиргааны нэгж дэндүү олон нэршилтэй, замбараагүй болох магадлалтай юм. Тиймээс хотыг тухайн нутгийн хүн амын тоо, хөгжил, төсөвт оруулж буй хувь нэмрээр нь үнэлж “хот” гэдэг статусыг өгөх нь зохимжтой. Түүнчлэн парламентын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох нь зохимжтой санагдаж байна” гэдгийг хэллээ.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн олонхи нь Үндсэн хуульд яамдын нэрийг тодорхой заах саналыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм. Өмнөговь аймагт зохиогдох гурав дахь хэлэлцүүлэг нөгөөдөр (2017.08.10) Сэврэй суманд үргэлжилнэ.