Орхон аймгийн Засаг даргын нэгдсэн шуурхай хуралдааны үеэр Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин нярайн эндэгдэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурав дахин буурсан талаар мэдээллээ. Тодруулбал, 2016 оны наймдугаар сарын байдлаар 18 нярай эндсэн бол энэ оны мөн үед 6 нярай энджээ.
Нярайн эндэгдлийг бууруулахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол орон нутгийн зүгээс дутуу нярайд яаралтай тусламжийн үед хийдэг вакциныг шийдсэнтэй холбоотой юм. Учир нь дутуу нярайд 15-20 минутын дотор куросуриф, кофениа цитрат тариа хийх ёстой байдаг ажээ. Иймд 2017 оны орон нутгийн төсвөөс 35 сая төгрөг баталж сурфактант эмчилгээний куросуриф 20 ширхэг, кофениа цитрат 100 ширхэг вакцин авсан байна.
Мөн Нярайн тасагт 24 цагаар ээлжээр ажиллах сувилагчийн цалинг орон нутаг шийдсэнээр дутуу нярайд яаралтай тусламж үзүүлэх мэргэжлийн баг, сувилагч ажиллах болсон юм. Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Нярайн тасаг ажилладаг нь бусад аймгаас давуу талтай юм. Өөрөөр хэлбэл, бусад аймагт Нярайн тасаг байдаггүй юм.
Энэ нь Орхон аймгийн удирдлагууд эрүүл мэндийн салбартаа тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдэж, хөрөнгө төсөвлөж, үр ашигтай ажиллаж байгаагийн илрэл юм. Дашрамд дурдахад, Орхон аймагт “Элэгний вирусгүй Эрдэнэт” аян 2016 оны 9 сараас эхэлж хэрэгжиж байна. Үүний хүрээнд орон нутгаас элэгний вирус илрүүлэх үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна.