logo
“Эрдэнэс-Тавантолгой” ХК ISO45001:2018 стандартыг нэвтрүүлсэн анхдагч компани боллоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ISO45001:2018 стандартыг нэвтрүүлсэн анхдагч компани боллоо

2019/09/27
“Эрдэнэс-Тавантолгой” ХК  нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж, дэлхийд тэргүүлэгч Франц Улсын Афнор группээс баталсан баталгаажуулалтын гэрчилгээтэй боллоо.
 
 Бүгд  Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филиппе Мерлин энэхүү баталгаажуулалтын гэрчилгээг компанийн төлөөлөлд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гардуулсан юм. Мөн энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 12 ажилтан Афнорт бүртгэлтэй Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартын тэргүүлэх аудиторуудын гэрчилгээгээ хүлээн авлаа.  
 
Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжих бэлтгэл ажлын хүрээнд  компани үйл ажиллагаандаа 2017 оноос эхлэн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлсэн. 
 
Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо ТББ-аас зөвлөх үйлчилгээг авч, олон улсын баталгаажуулалтын “AFNOR” группийн хүлээн зөвшөөрөгдсөн "МонСертф“ компанийн Монгол аудотирууд стандартын анхдагч баталгаажуулалтыг хийсэн юм. 
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд ISO45001:2018 хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлснээр олон улсын нэр хүндтэй баталгаажуулалтын Афнор группээр баталгаажуулсан Монголдоо анхдагч компани болж байна. 
 
 
Элчин сайд Филиппе Мерлин:  “Эрдэнэс-Тавантолгой” ХК дэлхийн түвшинд гарч, зах зээлээ тэлэх боломж улам нэмэгдлээ
 
Юуны өмнө хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Монголын уул уурхайн салбарын томоохон тоглогч болсон танай компанид Афнор группийн баталгаажуулалтын гэрчилгээг гардуулсандаа талархаж байна.  Франц Улсын Афнор групп нь чанарын стандартын хоёр томоохон байгууллагыг нэгтгэсэн дэлхийд тэргүүлэгч, нэр хүндтэй байгууллага юм. Миний дүгнэж байгаагаар нэгдүгээрт, Афнор групп болон МонСертф хамтын ажиллагаа улам бэхжин, урагшилж байна, хоёрдугаарт Монгол Улсын уул уурхайн салбарын томоохон төлөөлөл нь  олон улсад нэр хүнд бүхий дэлхийд тэргүүлэгч баталгаажуулалтын байгууллагаас гэрчилгээгээ авсан нь дэлхийн түвшинд гарч, зах зээлээ тэлэх боломж улам нэмэгдэж  байгааг харуулсан томоохон үйл явдал боллоо. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа нийгэмд ямар байр суурьтай байгааг  хайх шаардлагагүй. Танай компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа олон  ажлыг өдөр тутмын сонин болон телевиз мэдээллийн сувгаас тогтмол авч байдаг. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье гэв.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Бизнесийн Удирдлагын газар хариуцсан Дэд захирал Б.Батсайхан: Нэгдсэн менежментийг тогтолцоог нэвтрүүлсэн нь түүхэн бас бахархууштай үйл явдал болж байна
 
-Эрдэнэс-Тавантолгойчууд бид байгаль орчинд ээлтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан Тогтвортой, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх их үйлсэд хичээн зүтгэж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралд өөрийн хувь нэмрээ оруулах эрхэм зорилгын хүрээнд нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн нь түүхэн бас бахархууштай үйл явдал болж байна.
 
Монголчууд 3 саяулаа хувьцааг нь эзэмшиж, иргэн бүр уул уурхайн баялагаасаа ашиг хүртэх энэхүү ажлыг түүчээлж жилийн 4 улирал хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж буй хамт олныхоо хичээл зүтгэлээр бахархаж байна.
 
Мөн Бүгд Найрамдах Франц Улстай манай улс олон салбарт хамтран ажиллаж үр дүнд хүрч байгаа хамгийн тод жишээ нь олон улсын стандартыг нутагшуулах, харилцан туршлагаа хуваалцах энэхүү харилцаа юмаа. Эрхэм хүндэт Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Эрхэм хүндэт Филиппе Мерлин таниар дамжуулан танай ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсье гэв.
 
 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш