Өнөөдөр /2020.01.26/ хуралдаж байгаа Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн үйл ажиллагааг 2020 оны гурадугаар сарын 02-н хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийн хүрээнд өмчийн хэлбэр үл харгалзан их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалтын төвүүд маргаашаас эхлэн хичээллэхгүй болж байна.
Одоо шинэ коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах талаар Засгийн газар хэлэлцэж байгаа бөгөөд хуралд Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, БСШУС-ын сайд, дэд сайд, хотын засаг дарга оролцож байгаа юм.
Мөн БНХАУ-д суралцаж байгаа оюутнуудаа татаж авах болон хилээр орж гарч байгаа зорчигч, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлаар Засгийн газраас гаргасан бусад шийдвэрийн талаар Шадар сайд болон бусад холбогдох сайд өнөөдөр 13.00 цагт Шадар сайдын өрөөнд мэдээлэл хийхээр болж байна.
Тодруулахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр /өнөөдрийн 09.00 цагийн байдлаар/ шинэ Коронавирусийн халдвараар 1318 хүн өвчилж, 41 хүн нас барсан. БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонгконгд 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Непалд 2, Францад 3 хүн өвчилсөн.
БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08:50 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан. БНХАУ-ын Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.