Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ.
Мөн энэ сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Ингэснээр бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоосон дэглэм үргэлжлэхээр болж байна.
Тэгвэл ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага их дээд сургууль, коллежийг энэ оны 4, 5 дугаар сарын долоо хоног бүрийн Бямба гараг болон гуравдугаар улирлын амралтын долоо хоногийг ашиглаж, сургалтыг нөхөн, багш нарын илүү цагийн хөлсийг олгож ажиллана.
Дээрхи хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан теле хичээлийг үргэлжүүлж, багш нарын 1, 5, 10 дахь жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж шаардагдах зардлыг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав. Хорио цээрийн хугацааг сунгасан ч сурагчдын зуны амралтыг хойшлуулахгүй.
Цэцэрлэг, 1-5 дугаар ангийн сурагчид 06 дугаар сарын нэгэнд, ахлах ангийн сурагчид 06 дугаар сарын 08-нд, төгсөх анги, их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг 06 дугаар сарын 15-нд багтаан явуулах юм байна.