УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний” талаар мэдээлэл хийлээ. Хуралдаанд Улсын онцгой комиссын холбогдох албан тушаалтнууд оролцов.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 26 орны 74.236 хүн COVID-19 вирусээр халдварлаж, 2007 хүн нас барсан (үүнээс 2004 нь БНХАУ-ын иргэн) байна. Монгол Улсад 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд Улаанбаатар хот, Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт “COVID-19” вирусийн халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан гэсэн өгүүлэмжтэй, сэжигтэй тохиолдол бүхий нийт 174 иргэнийг тусгаарлан тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэдгийг Шадар сайд мэдээлэлдээ онцолсон.
Мөн тэрбээр, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2020 оны 30 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яаманд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувийн хамгаалах хувцас, хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, иргэдэд сургалт, сурталчилгаа явуулах, сэрэмжүүлэг, зөвлөмж хэвлүүлэх зардалд 4.3 тэрбум төгрөг, Хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд 1.2 тэрбум төгрөг, нийт 5.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах салбар дундын төлөвлөгөөг боловсруулж, Улсын онцгой комиссын даргаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолоор БНХАУ-тай хиллэх хилийн авто замын боомтоор тээврийн хэрэгсэл болон явганаар нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийсэн, Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолоор Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтуудыг түр хааж, БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд авто замын Булган-Такашикэн, Баянхошуу-Өвдөг, төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор болон агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомтоор, мөн оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд агаарын замын Буянт-Ухаа боомт болон төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор олон улсын галт тэргээр улсын хил нэвтрүүлсэн энэ хугацаанд БНХАУ-аас 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монгол Улсын хилээр 6606 тээврийн хэрэгсэл, 17108 зорчигч нэвтрүүлсэн бөгөөд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй гэж байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын даргын 2020 оны 4 дүгээр тушаалаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийг батлан аймаг, нийслэл, яам, агентлагуудад хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 63 дугаар тогтоолоор Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын авто зам, төмөр зам болон агаарын замаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоолоо.
БНХАУ-ын Хубэй мужийн зэргэлдээ орших Хунань мужид шувууны томуугийн (H5N1) вирусийн халдварын дэгдэлт бүртгэгдсэнтэй холбоотойгоор 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэл Монгол Улсын хилээр шувууны мах, өндөг, тэжээл оруулахыг хориглосон. Улсын онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2 дугаар хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, мэргэжлийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй Шуурхай ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулан байгуулаад ажиллаж байна. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 4 дүгээр тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/50 дугаар тушаалаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүлж ажлын тусгай горимоор ажиллахыг Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгож, гамшгаас хамгаалах улсын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, шуурхай удирдлагаар хангах, мэдээ мэдээлэл солилцох, чиг үүрэгтэй “Шуурхай штаб”-ыг байгуулан ажиллаж байгааг Улсын онцгой комиссын дарга мэдээлэлдээ тодотгосон.
БНХАУ-ын Ухань хотод суралцаж амьдардаг Монгол Улсын 31 (үүнд 1 хүүхэд) иргэнийг 2 дугаар сарын 1-ний өдөр “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгөөр татан гаргаж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 14 хоног тусгаарлан, вирус судлалын шинжилгээг 2 удаа хийхэд коронавирус илрээгүй болно. БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын 104 иргэнийг “Замын-Үүд” боомтоор 2 дугаар сарын 15-ны өдөр татан авч Замын-Үүд сумын 3 зочид буудалд 103 иргэнийг, коронавирусийн сэжигтэй байж болзошгүй 1 иргэнийг тус сумын Нэгдсэн эмнэлэгт тусгаарлан хяналт тавьж байна. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 2 дугаар тушаалаар томилогдсон шуурхай бүлэг 2020 оны 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Замын-Үүд”, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт”, Гурвантэс сум дахь “Шивээхүрэн”, Улаанбаатар хот дахь “Буянт-Ухаа” боомтын үйл ажиллагаа, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж үүрэг чиглэл өгсөн.
Өмчийн хэлбэр харгалзахгүй 423 их, дээд сургууль, 48 мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, 610 ерөнхий боловсролын сургууль, 825 цэцэрлэгийн үйл ажиллагааг 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр зогсоож, 2 дугаар сарын 3-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг дуустал өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн сувгаар теле сургалт зохион байгууллаа. Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3 заасныг тус тус үндэслэн БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвар тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Олон нийтийг хамарсан урлаг, спортын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, хүүхдийн зуслан, тоглоомын газруудыг ажиллуулахгүй байх, кино үзвэрийн газарт 18 наснаас доош хүүхдийг оруулахгүй байх арга хэмжээг авч, хяналт тавин ажиллаж байгааг Улсын онцгой комиссын дарга мэдээлэлдээ тодотгосон.
Олон нийтийн цахим сүлжээгээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх 9 төрлийн шторк, 4 төрлийн зурагт хуудас, амны хаалт хийх болон хэрэглэх аргачлал, зөвлөмжийг нийт 68 телевиз, үүрэн холбооны Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл компаниар дамжуулан 2.5 сая хэрэглэгчид /давхардсан тоогоор/ хүргэлээ. Аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 570 төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албад, мэргэжлийн ангийн нийт 462 гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 13840 хүн, 2045 автомашин, техник хэрэгсэл үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдалд байна. Коронавирусийн халдварын сэжиг илэрсэн тохиолдолд нийслэлийн хэмжээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвд 200, Цэргийн төв эмнэлэгт 570 ор дэлгэх бэлтгэлийг хангаж, шаардлагатай тохиолдолд “Асралт мед” эмнэлгийн 100, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн 60 орыг нөөцөд байлгаж байна.
Цагаан сарын баяртай холбогдуулан нийслэлд 312, аймаг орон нутагт 153, нийт 465 аж, ахуйн нэгж байгууллагын гаргасан үзэсгэлэн худалдаа, зар сурталчилгааг тус тус зогсоож, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх зорилгоор зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэр, цех, зоогийн газар нийт 1585 үйлдвэрлэл, үйлчилгээний газарт холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байна. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулсан 6, цагийн хязгаар зөрчсөн 46, цахим тоглоомын газар ажиллуулсан 21, автомат тоглоом ажиллуулсан 2, нийт 75 зөрчлийг илрүүлэн, холбогдох арга хэмжээг авч ажилласан. Аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 457 шашны байгууллагуудад олон нийтийг хамарсан шашин номын хурал, цуглаан, зан үйл зохион байгуулахгүй тухай мэдэгдэл хүргүүлсэн. Засгийн газрын “Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 5 хоногийн цалинтай чөлөө олгох тухай” шийдвэрийг үндэслэн 91 байгууллагын нийт 287 ажилтан, албан хаагчдад цалинтай чөлөө олголоо. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан стандартын дагуу Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын оёдлын үйлдвэрүүдэд амны хаалтыг оёулах захиалга өгч 2 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 9000 ширхэгийг үйлдвэрлээд байна гэж байлаа.
Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 8 дугаар тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах” журмын дагуу нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдэлийн үнэлгээг дөрвөн удаа хийснийг онцлоод энэ үнэлгээгээр манай улсад эл халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр байгааг тодотгов.
Улсын онцгой комиссын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Я.Санжмятав, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн зүгээс “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах асуудалд Засгийн газар, Улсын онцгой комисс онцгой анхаарч, зөв менежмент хийн сайн ажиллаж байгааг онцолж байлаа. Түүнчлэн энэ хүнд үеийг даван гарахын тулд монголчууд хүчээ нэгтгэхийг тодотгоод онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдад цалин, урамшууллыг цаг тухайд нь олгох, Засгийн газар шаардлагатай техник хэрэгсэл, хөрөнгийг шуурхай шийдвэрлэж ажиллахыг анхааруулж байлаа. Мөн вирусын халдвараас сэргийлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд дор бүрдээ хичээн ажиллаж, ялангуяа цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхааруулсан юм.
Ингээд Засгийн газар болон Монголбанканд “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжив.