Эх сурвалж: Монголын үнэн сонин
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг Монгол Улсын 2.5 сая иргэн, бизнес эрхлэгч эзэмшиж буй. Эдгээр иргэнд тус компани анх удаа ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргаж, ирэх тавдугаар сараас олгохоор болсон нь ойрын өдрүүдийн онцлох сэдвээр нэрлэгдэж байна. “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийг 2010 онд байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2012 онд шийдвэр гаргаж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцаанаас иргэн бүрт (2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн бүх хүнд) тараасан билээ.
Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон байдаг. Монгол Улс Үндсэн хуульдаа байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд тэгш хүртээхээр тусгасан. Гэвч “Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн 10 орчим жил үйл ажиллагаа явуулахдаа Компанийн тухай хуулийн дагуу ногдол ашиг хуваарилж ирсэн түүх үгүй. Гэхдээ энэ нь онцгой шалтгаантай бөгөөд тус компанийн цэвэр ашгаас “Чалко”-гийн өр төлбөрийг барагдуулж явсаар өдий хүрснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тиймээс Засгийн газраас Компанийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компанийн иргэдэд тараасан хувьцааны ногдол ашгийг хуваарилах чиглэлийг салбар яам болон компанийн ТУЗ-д өгсөн. Үүний хүрээнд анх удаа хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн өнгөрсөн сарын 17-ны өдрийн хуралдаанаас гаргаад байна.
“Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн хугацаанд их хэмжээний өр, төлбөр төлж, 2016 оноос хойш цэвэр ашигтай ажиллаж эхэлсэн. Тодруулбал, 2016 онд цэвэр ашиг нь 32.8 тэрбум, 2017 онд 401 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөг, өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна. Тиймээс иргэдэд хувьцааны ногдол ашиг хүртээх боломж бий болсныг компанийн удирдлагууд онцолсон юм. Тухайлбал, 2018 оны ашгийг бүтээн байгуулалт буюу Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан бол өнгөрсөн онд олсон ашгаа ийнхүү иргэдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлээд байна.
Ийнхүү ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тараах нь эдийн засгийн үр ашигтай эсэхэд эргэлзэх хүн цөөнгүй бий.
Өмнө нь тодорхой хэмжээнд төр давуу эрхээрээ зарим иргэний хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч байсан. Тэгвэл энэ удаагийн ногдол ашиг хуваарилалт бол бэлэн мөнгө тараалт биш, хуулийн хүрээнд хийж буй ажил юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс-Тавантолгой” компани хуулийн хүрээнд иргэдэд өгсөн хувьцааныхаа ногдол ашгийг хүртээж байгаа хэлбэр гэж хүлээн авах хэрэгтэйг албаныхан онцолж буй. Ямартай ч ирэх тавдугаар сараас эхлэн нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож, иргэн өөрт байгаа хувьцааны тоо, хэмжээнээс хамааран 96 хүртэлх мянган төгрөгийн ногдол ашгийг авах юм.
Цаашид бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжүүлээд, төмөр зам болон дагалдах төслүүдийг хэрэгжүүлээд эхэлбэл нэгж хувьцаанд ногдох төгрөгийн хэмжээ нэмэгдэнэ гэдгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд хэлж байгаа юм. Тиймээс одоо иргэдийн зүгээс хувьцааныхаа бүртгэлийг хийлгэж, данс нээлгэх гэсэн өөрсдийнх нь ажил үлдээд байна. Ямартай ч байгалийн баялгийг ард түмэнд хүртээх ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар ажил хэрэг болголоо. Тэгвэл ногдол ашиг тараах шийдвэр болон хувьцааны талаар иргэд ямар мэдээлэл, байр суурьтай байгааг сонирхлоо.
Ногдол ашиг тараах шийдвэр гаргасанд баяртай байна
Б.Энхжаргал: /Баянгол дүүргийн иргэн/
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг тараана гэж ярьсаар олон жил өнгөрсөн. Өнөөдөр харин бодитоор тараах шийдвэр гаргасанд баярлаж байна. Ногдол ашгийг тавдугаар сард тараах талаарх мэдээллийг сонин, хэвлэлээс уншсан. Өнгөрсөн жил ногдол ашиг тараана гэсэн мэдээллийн дараа хувьцааныхаа бүртгэлийг хийлгэж, дансаа нээлгэсэн. Тиймээс нээлгэсэн дансанд шууд орох байх гэж бодож байна. Би дөрвөн хүүхэдтэй. Манай гэр бүлийнхэн бүгд 1072 хувьцаатай. Бүгд нийлээд чамлахааргүй ногдол ашиг хүртэхээр байна билээ. Хэвлэл, мэдээллээс харж байхад зарим хүн ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр тарааж байхаар бүтээн байгуулалтад зарцуулах нь зөв гэсэн санал хэлсэн. Миний хувьд ч үнэхээр бүтээн байгуулалтад зарцуулж чадвал хандивлахад бэлэн байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад ч бэлэн.
Ногдол ашгаа иргэдэд бодитоор хүртээж байгаа нь хэрэгтэй шийдвэр боллоо
Алтанцэцэг: /Хан-Уул дүүргийн иргэн/
-Өнгөрсөн жил хувьцааныхаа бүртгэл, дансыг нээлгээд бэлтгэчихсэн болохоор санаа амар явна. 1072 хувьцааны ногдол ашгийг олгохоор олон жил ярьсан ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй. Иргэдээс төр 300 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгал, оюутны сургалтын төлбөрөөр худалдан авч байсан. Тэр нь нэг удаагийн л мөнгө болж, хүмүүс идэж угаад дууссан. Харин одоо ногдол ашгаа хүмүүст бодитоор хүртээж байгаа нь хэн хэндээ хэрэгтэй шийдвэр боллоо. Цаашид “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж байвал жил бүр ногдол ашгаа хуваарилаад явна гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ нь иргэдэд насан туршийн үр шим болж үлдэнэ. Тиймээс иргэд үүнийг ойлгож хувьцаагаа аль болох зарж, үрэхгүй, цаашид хэрэг болох зүйлд зарцуулаасай гэж бодож байна. Үндсэн хуульдаа байгалийн баялгаа иргэдэд тэгш хүртээнэ гээд заачихсан болохоор ногдол ашгаа ингэж хуваарилах нь зөв.
Эхний удаад хөрөнгө оруулалтад зарцуулах нь зөв
Б.Эрдэнэбат: /Чингэлтэй дүүргийн иргэн/
-Ногдол ашгаа эхний удаад хөрөнгө оруулалтад зарцуулах нь зөв. Гэхдээ төрөөс хүртээж байгаа хувь хишгийг иргэд юунд зарцуулах нь өөрсдийнх нь эрх. Зарим хүний хэлж байгаа шиг сургууль, цэцэрлэг болгоод явах сонголт нь бий. Гэхдээ хамгийн гол нь хэн түүнийг хуримтлуулж авч байна. Үнэхээр сургууль, цэцэрлэг, бүтээн байгуулалтад ашиглаж байна уу гэдгийг сайн нягталж зохион байгуулах хэрэгтэй. Үнэхээр төмөр замын бүтээн байгуулалт шиг нүдэнд харагдахуйц зүйлд зарцуулбал хүмүүс тийшээ өгөх л хэрэгтэй. Зам харилцаа хөгжинө гэдэг бидний ирээдүйд өнөөдрийн өгөх 96 мянган төгрөгөөс илүү хэрэгтэй. Цаашид 96 мянган төгрөгөөс ч илүү хувь хүртэх боломж бүрдэнэ гэсэн үг. Тиймээс төр засаг, “Эрдэнэс Тавантоллгой” компани ч үүнийг бодох л ёстой. Хэрэв бүтээн байгуулалтад оруулж чадахгүй бол хувь, хишгээ гар дээрээ авсан нь зөв. Хэрэгтэй хүндээ энэ бол их мөнгө.
Олон хүүхэдтэй айлд 96 мянга их мөнгө
Ж.Баттогтох: /Хэнтий аймгийн иргэн/
-Яг энэ хувьцааны бүртгэлийн асуудлаар Хэнтий аймгаас энд ирээд явж байна. Аймагтаа бүртгэл хийлгэсэн боловч тухайн брокерын компани татан буугдсан учир энд байдаг компанид хандах шаардлагатай болсон. Ямартай ч дансаа нээлгэчихлээ. Миний хувьд 740 ширхэг хувьцаатай байгаа. Олон жил ярьж байсан ногдол ашгаа тавдугаар сараас авахаар боллоо. “Эрдэнэс Тавантолгой” компани зөв ажиллаж, ашигтай байгаагаас иргэддээ ногдол ашиг тараахаар болж байгаад баяртай байна. Манайх зургаан ам бүлтэй. 96 мянган төгрөг гэдэг манайх шиг олон хүүхэдтэй айлд их мөнгө. Олон жил ногдол ашиг авна гэж хүлээсэн юм чинь их, бага нь хамаагүй авах л хэрэгтэй.