Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.05) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай буйгаа хэлээд “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим, Сенатаар хэлэлцүүлэх болон Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас ойрын хугацаанд гаргах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Тэрбээр, “Шинэ корона вирусний дэгдэлтийн улмаас дэлхийн олон улс оронд аялал жуулчлалыг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоож байна. Манай улс өндөр эрсдэлтэй улс орны нэг учир Улсын онцгой комиссоос холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа. Үүний нэг нь төрийн албан хаагчдын гадаад томилолтыг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоосон шийдвэр юм. Түүнчлэн НҮБ болон Олон улсын парламентын холбооноос ч олон улсын арга хэмжээ, бага хурлуудаа цуцалж байгаа талаараа бидэнд мэдэгдсэн. Улсын онцгой комиссоос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг ч гадагшаа албан томилолтоор явахгүй байхыг анхааруулсан шийдвэрийг саяхан гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийсэн. Одоо түүнийг тогтоосон журмын дагуу тусгаарласан байгаа. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-аас корона вирусийн халдвар тархсан, эсвэл халдвар тархах өндөр эрсдэлтэй 25 оронд 37 сая ам.долларын санхүүжилтийн тусламж үзүүлэхээ зарласан. Энэ бүс нутагт Монгол Улс багтаж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн департамент болон Засгийн газарт талархаж байна” гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын дундуур АНУ-д айлчлал хийхээр төлөвлөсөн байсан. Тэрбээр ноён Элчин сайдад хандан энэхүү айлчлалыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад талархаад, хугацааг дахин товлохоор хойшлуулсныг дуулгав.
“Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтээр дагах учиртай. Тиймээс АНУ-д хийх айлчлалын хугацааг дахин товлох шаардлага үүсэж байна. Айлчлал бидний болон хоёр улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэж хэлье” гэлээ.
Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын даргад хариу талархаад, Монгол Улсад үүссэн нөхцөл байдлыг ойлгож байгаагаа илэрхийлэв. Тэрбээр холбогдох байгууллагуудтай хамтран, айлчлалын хугацааг дахин товлох асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Спикер хатагтай Н.Пелоситой албан ёсны уулзалт хийж, Конгрессын төлөөлөгчдийн танхимын Байнгын хороодын удирдлагууд, Сенатын гишүүд, Конгресс дахь АНУ-Монголын бүлгийн удирдлага болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр улсын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байгаа юм. Мөн хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг АНУ-ын Конгрессоор батлуулах үйл явцыг урагшлуулах, ФАТФ-ын саарал жагсаалтаас ойрын хугацаанд гарахад хамтран ажиллах талаар АНУ-ын Сангийн яамны удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөжээ.
Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцов.