Улаанбаатар дахь ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төв/РЦНК/, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин хамтран зохион байгуулсан орос хэлээр эсээ бичих уралдааны дүн гарчээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус уралдааныг энэ жил дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 75 жилийн ойд зориулан "Эх орны дайны ялалтад Монголчуудын оруулсан хувь нэмэр" сэдвээр зарлажээ. Түүнчлэн ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Орос-Монголын найрамдлын төв дээрх уралдааныг дэмжиж оролцож, ОХУ-ын Засгийн газрын 50 сая төгрөгийн сургалт, амьжиргааны тэтгэлгийг тус уралдаанд тэргүүлсэн Монгол-Оросын хамтарсан сургуулийн төгсөх ангийн сурагч Г.Оюунжаргал, Н.Хулан, Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн харьяа лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Билгүүн нарт олголоо.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаев, МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Татьяна Будаева, хэвлэлийн атташе Ксения Панкова нар шагналыг энэ сарын 6-нд гардууллаа.
Энэ үеэр МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд өнгөрсөн жилийн уралдаанд түрүүлсэн нэг хүүхдэд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас ОХУ-д суралцах эрхийн бичиг олгож байсан бол энэ жил гурван хүүхдэд гардуулж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаев “Монгол-Оросын хамтарсан сургуулийн 12а ангийн сурагч Г.Оюунжаргалын эсээ бичлэг судалгааны ажилд дөхсөн бүтээл байсан. Учир нь эмээгийнхээ ярьсан түүхэнд үндэслэж, дайны үед Монголоос мянган тэмээн жингийн цуваа бүхий тусламж Бийск хотод хүрсэн тухай түүх өгүүлсэн. Энэ түүх Оросын хэвлэлээр маш цөөхөн гарч байсан. Тиймээс эсээгээ илүү дэлгэрүүлснийх нь дараа ОХУ-ын хэвлэлд нийтлүүлнэ гэдгээ амлаж байна" гэсэн юм.
Ташрамд дуулгахад, "Эх орны дайны ялалтад Монголчуудын оруулсан хувь нэмэр" орос хэлээр эсээ бичих уралдааны хоёрдугаар шатанд дараах есөн сурагчийн бүтээл шалгарчээ.
-Г.Оюунжаргал /Монгол-Оросын хамтарсан III сургууль 12а анги/
-А.Билгүүн /Плехановын ЭЗИС-ийн лицей 11б анги/
-Н.Хулан /Монгол-Оросын хамтарсан III сургууль 12а анги/
-С.Дэлгэржаргал /Монгол-Оросын хамтарсан III сургууль 12г анги/
-Э.Марал /Плехановын ЭЗИС-ийн лицей 11в анги/
-С.Содбилгүүн /Монгол-Оросын хамтарсан III сургууль 11г анги/
-Г.Саран-Эрдэнэ /Плехановын ЭЗИС-ийн лицей 11а анги/
-Ц.Оюундэлгэр /Монгол-Оросын хамтарсан III сургууль 12в анги/
-А.Уянга /Нийслэлийн V сургууль 12б анги/