Монгол Улсын Шадар сайдын үүрэг болгосны дагуу өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шуурхай хяналт шалгалтын ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллалаа.
Ажлын хэсэг тус дүүргийн худалдааны төв, дэлгүүрүүдээр худалдан борлуулж буй мах, өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж болон тус дүүрэгт байрлах зарим аж ахуйн нэгжийн шатахуун түгээх станцууд шатахууны жижиглэнгийн үнээ бууруулсан эсэхэд хяналт шалгалт хийсэн юм.
Хяналт шалгалтаар тус дүүргийн дэлгүүрүүдэд нөөцийн махыг иргэд, хэрэглэгчдэд Засгийн газраас тогтоосон үнэ тарифаар худалдаалж, үнийн талаарх мэдээллийг ил тод байршуулсан байлаа.
Мөн ажлын хэсгээс тус дүүрэгт байрлах зарим шатахуун түгээх станцуудад үнийн асуудлаар хяналт тавихад А-92 болон дизель түлшний үнэ литр тутамд 40-60 төгрөгөөр буурсан дүнтэй байна.
Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамжийн асуудалд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч нөөцийн хомсдол үүсээгүй, үнэ харьцангуй тогтвортой байгаа тул иргэд, хэрэглэгчдийг худалдан авалт хийхдээ аль болох хямд, чанарын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн худалдан авч үйлчлүүлэхийг ШӨХТГ-аас зөвлөж байна.
Хэрэглэгчид эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд “Хэрэглэгчийн утас-115” төлбөргүй ярианы дугаарт хандан санал, мэдээллээ ирүүлэх боломжтой юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.