logo
МҮОНРТ “MNB-Гэр бүл” сувагтай болно

МҮОНРТ “MNB-Гэр бүл” сувагтай болно

2020/03/31

МҮОНРТ тав дахь бие даасан сувгаа зөвхөн гэр бүлд зориулна. Тодруулбал, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гэр бүлд зориулсан бие даасан суваг байгуулахаар бэлтгэж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах юм. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц нар санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Монголчууд бидэнд хүүхдийн эрхийг хамгаалж, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалтыг багасгах, өрхийн гишүүдийг ажилтай, орлоготой байлгах гээд гэр бүлтэй холбоотой олон эмзэг асуудал бий. "MNB Гэр бүл" сувгийн зорилтот бүлэг нь хүүхэд, гэр бүл, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүн бүрийн хөгжил, хамгаалалд анхаарч ажиллахаар бэлтгэлээ хангаж байна.

Мөн өрхийн гишүүн бүрт зориулсан хөтөлбөрийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар “MNB-Гэр бүл” сувгийн төслийн удирдагч Н.Байгал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир нараас тодрууллаа.

“MNB-Гэр бүл” сувгийн төслийн удирдагч Н.Байгал:

“MNB-Гэр бүл” сувгийн төслийн удирдагч Н.Байгал, “MNB-Гэр бүл” сувгийн уран бүтээлчид хүүхэд багачуудад эх оронч хүмүүжил, төлөвшил олгох, гэр бүлийн эрүүл мэнд, өрхийн төсөв санхүүгээ удирдах гээд айл өрх бүрт хэрэгтэй мэдээллийг бэлтгэнэ. Жишээлбэл, Монгол Улсад гэр бүл, хүүхдэд зориулсан ямар төсөл хөтөлбөр хэрэгждэг гээд хүний амьдралд хамааралтай мэдээ, мэдээллийг хүргэхээр зорин ажиллаж байна."

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир:

“MNB-Гэр бүл” сувгийг байгуулах ажил жилийн өмнөөс эхэлсэн. Харилцаа, холбооны зохицуулах хорооноос сувгийн ач холбогдлыг үнэлж, өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр, буюу улс орон даяар цацах эрхийг нь олгосон. Оюуны өмчийг дээдлэгч МҮОНРТ-ийн хамт олон 5 дахь сувгаа HD форматаар цацахаар ажиллаж байна. Сувгийг энэ 5, 6 дугаар сард багтаж олон нийтэд цацахаар бэлтгэлээ хангаж байна." гэв.

Тус суваг нь 7 хоногт 4710 минутын эфирээр гэр бүл, хүүхэд, залуучуудад зориулсан болон тусгай хөтөлбөрүүдийг бэлтгэн үзэгчдэд хүргэнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш